Дотоодын жуулчлалд дорвитой бодлого алга

Уг нь зам дагаж хөгжил ирдэг гэдэг. Гэтэл замынхаа хаяанд байгаа хэр нь огт хөгждөггүй аймаг, сумд бас байх юм. Өмнө нь харсан ч хараагүй юм шиг өнгөрдөг байв. Харин энэ удаа зунд зутарсан жуулчид хөгждөггүй, дэвждэггүй хөдөөгийн амьдралыг “хэцүүгийн туйл” болтол ярихыг сонсоод, дотоодын жуулчдаа өмөөрч хэдэн үг зэхэв.

 

АЯЛАЛ УУ, ЦӨЛЛӨГ ҮҮ?

 

Наадмын дараа манайхан ээлжийн амралтаа ид авцгааж, гадаад дотоодын аялал жуулчлал ч идэвхждэг. Дээрээс нь энэ жил зулай төөнөм халуун байгааг ч хэлэх үү, баяр наадмын дараа толгойтой бүхэн ус бараадаж, Хөвсгөлийг зорьсон. Гэтэл амраад ирсэн жуулчид амралтын тав тухаас илүүтэй, түмэн зовлон тоочиж сууна.

 

Хөвсгөл нуур хүртэл 870 км хатуу хучилттай зам тавьсан нь сүүлийн хоёр жилд хойд зүгийн аймгуудыг зорих, тэр дундаа “Монголын Швейцарь” хэмээн нэрлэдэг Хөвсгөл далайг зорих жуулчдын тоог нэмэгдүүлжээ. Энэ жилийн жуулчид ярих зүйл бүр ч ихтэй ирсэн бололтой. Хөдөөд ховорхон тохиолддог автомашины түгжрээ хотынхоос ялгагдахааргүй угтаж, Хөвсгөл аймаг өнгөрсөн сард жуулчдын хөлд дарагджээ. Хөвсгөл явж, амраад ирсэн хэдэн танилтайгаа уулзахад, амралтынхаа сонин хачныг “Цөллөгт яваад ирлээ” гэж дүгнэж байх юм. Учир нь амрахаар очсон аялал жуулчлалын гол бүс нутагт нь бараа таваарын үнэ тэнгэрт хадсан, дээрээс нь буух, буудаллах газаргүй гадаа хоноглож, зуны аагим халуунд зутарч яваад ирсэн гэдгийг ам уралдуулан ярих аж.

 

Хатгалд очсон бас нэг танил маань “Халаасандаа карттай, дансандаа мөнгөтэй хэр нь бэлэн мөнгөний гуйлга гуйх дөхлөө”, “Хөвсгөлд бэлэн мөнгөний машин буюу ATM алга, хуушуур бууз худалдаж авч чадахгүй хоёр хонолоо”, “Машин нь шатахуунгүй, бензин хүлээж гурав хонолоо. Бага насны хүүхэдтэй явсныг хэлэх үү, балрах дөхлөө” гэж байв.

 

30 МЯНГАН ЖУУЛЧИН ХӨВСГӨЛИЙГ ЗОРЬЖЭЭ

 

Ийм шалтгаан тоочих жуулчин нэг биш нэлээд хэд байгаа бололтой. Хэрэгт дурлавал, хэд хэдэн хүн цахим ертөнцөд ийм сэтгэгдэл бичжээ. Мөрөн-Тариалан чиглэлд явах зам саадгүй болсноор сүүлийн хоёр жилд аялагчдын тоог огцом өсөж байгааг албаныхан ч хэлж байв. Албан бус тооцоогоор 42 мянга гаруй дотоодын аялагчид наадмаар Хөвсгөл явжээ. Харин явсан хүмүүсийн дийлэнх нь жуулчдын тав тух, жуулчны баазуудад сэтгэл дундуур ирсэн байна. Хөвсгөл аймгийн захиргааны гаргасан тооцоогоор аялагчдын тоо өнгөрсөн сарын сүүлчээр 70 орчим мянгад хүрчээ. Аялал жуулчлалын албаныхны мэдээллээр долдугаар сарын 5-16 -ны өдрүүдэд бүртгэлтэй гадаадын жуулчдаас 30 мянга нь Хөвсгөлийг зорьсон байна. Тэгэхээр дараа жилийн өдийд ч бас аялагчдын тoo улам нэмэгдэх нь гарцаагүй юм. Иймд бид Хөвсгөлийг хөгжүүлж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхгүй бол амраад ирсэн аялагчид аяллынхаа маршрутаас Хөвсгөлийг хасахад бэлэн байна.

 

ДАЛАЙ ЭЭЖ ДАМЫН НАЙМААЧДААР ХҮРЭЭЛҮҮЛЖЭЭ

 

Хөвсгөл бол манай улсын хамгийн их хүн амтай аймаг. Хөдөө аж ахуй, ялангуяа мал аж ахуй нь тус аймгийн ДНБ-ий 70 хувийг үйлдвэрлэдэг гол салбар. Дээрээс нь Хөвсгөлд сүүлийн жилүүдэд олон тооны жуулчин ирж, очдог болсон. Жуулчдыг татдаг хамгийн алдартай газруудын нэг нь Хөвсгөл нуур, тайгын цаачид. Эдгээрийг үзэж сонирхсоныхоо дараа жуулчид ихэвчлэн Архангай, Өвөрхангай зэрэг ойролцоох аймгууд руу аялдаг. Тэрхийн цагаан нуур, Хорьдол Сарьдагийн их нууруудыг үзэж, халуун рашаантай амралтын газруудаар зочилдог. Гэтэл Хөвсгөл аймаг нь орон нутгийн хөгжлийн индексээр бусад аймгуудаасаа хөгжлөөрөө хоцорч байгаа нь яавч таатай мэдээ биш юм. Энэ нь “Далай ээж”-ийг дамын наймаачдаар хүрээлүүлж, бүлтэй мөнгөтэй нь хэдэн гэр байшин түрээслүүлж, жуулчдын тав тухыг алдагдуулж байна, жуулчны бааз нь ч тав тух муутай, хүрэлцээтэй биш байна гэдгийг ирсэн гийчид ширүүхэн шүүмжилж байна. Тиймээс Монголын хөдөөг зорьсон таван жуулчны хоёр нь “дахиж ирнэ” гэсэн амлалттайгаар буцдаг, бусад нь эргэж ч харахгүйгээр явдаг тэр тогтолцоог өөрчилмөөр байна.

 

ДОТООДЫН АЯЛАГЧДАА ХОНОГЛОХ ГАЗАРТАЙ БОЛГОЁ

 

Дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх нь угтаа бол тоо бодохоос ч энгийн зүйл. Энэ салбарыг хөгжүүлж чадвал дотоодын зах зээл идэвхэжнэ, хүмүүсийн амьжиргаа дээшилнэ, ажлын байр нэмэгдэнэ. Мөн хүмүүс байгаль орчноо хамгаалж, экологийн тэнцвэрт байдлыг хадгалж үлдэхэд тус нэмэр болно. Цаашлаад гаднынханд хөрөнгө оруулж буй валютын урсгал саарна. Энэ нь эргээд эдийн  засгийг чадавхжуулна. Хөгжих бас нэгэн гарц ердөө л энэ. Гэтэл бид энэ мэт зүйлийг хэдэн жил ярьсаар, хий дэмий баахан бичиг цаас ноолж, хэрэгждэггүй хэдэн бодлого тодорхойлохоос хэтрэхгүй сууна.

 

Дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх гэж өнөөдөр хэдхэн хувийн компани л нуруугаа авхуулсан морь шиг зүтгэж байна. Бид иймэрхүү байдалтай олон жил Монголыг зорин ирэх жуулчдын нүүрийг тахалсаар өдийг хүрсэн. Тиймээс өнөөдөр аялал жуулчлалын салбарт төр засгийн нэгдсэн бодлого хэрэгтэй байна. Тэгэхгүй бол Монголд дотоодын аялал жуулчлал шалдаа буух нь.

 

Өмнө нь Хөвсгөлд дотоодын аялагчид энэ жилийнх шиг шавж, шамбааралдаж байгаагүй гэдгийг жуулчны баазынхан хэлж байсан. Энэ нь ирэх жилийн өдийд үүнээс ч олон жуулчин ирнэ гэсэн үг юм. Тиймээс Хөвсгөл аймгийг элдвээр цоллохдоо бус голын эрэгт майхан барьж, бүхлээрээ хоноглочхоод, өглөө нь ойролцоо морь харчихдаг, хорхог боодгийнхоо үлдэгдлийг нуур руугаа цутгачихдаг, тарьсан хогоо хамалгүй буцдаг дотоодын жуулчдаа хоол идэх, хоноглох газартай  болгомоор байгаа юм. Олсон орлогоороо аймаг, сумаа хөгжүүлье. Монголд дотоодын аялал жуулчлал өнөөдөр өрсөлдөж, хөгжиж чаддаггүй явуулын бизнес шиг болчихоод байгааг ирсэн гийчид нь цахим ертөнцөөр л нэг шүүмжилж байна.

 

ХӨГЖИХ ГАРЦЫГ ХӨВСГӨЛӨӨС ХАЙЯ

 

Монголд дотоодын аялал жуулчлал хөгждөггүй учир шалтгааныг олох гээд учир мэдэх хүмүүстэй уулзлаа. Гэтэл “Аялал жуулчлалын талаарх ойлголт нь нэг мөр болоогүй, хандлага нь төлөвшөөгүй улс орон дотоодын аялал жуулчлалд төдийлөн ач холбогдол өгдөггүй” гэж байна. Бид тэр л жишгээр олон жил явж байгаа бололтой. Харин хөгжиж байгаа улс оронд аялал жуулчлал нь эдийн засгийн чухал салбарын нэгд зүй ёсоор тооцогддог, гадаад валютын гол эх үүсвэр болдог гэдгийг судлаачид онцолж байсан. Хэдийгээр аялал жуулчлалаас олж буй үр ашгийг хөтөч, тайлбарлагч, тур оператор, зочид буудал болон тэнд ажиллагсад шууд хүртдэг ч бусад үйлдвэрлэлээр дамжуулан жижиг дунд үйлдвэр эрхлэгчид, бэлэг дурсгалын дэлгүүрийн эзэд, урлагийн салбарынхан, ресторан, баар цэнгээний газрууд зэрэг олон салбар аялал жуулчлалын үр шимийг дам хүртэж байдаг аж. Энэ хэрээр эдийн засгийн хөгжил чадавхжиж байдаг гэдгийг эдийн засагчид ч хэлж байв. Тиймээс бид дотоодын аялал жуулчлалыг үл ойшоож, гадна дотнын хэн ч болов лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү, маньд хамаагүй гэх мэтээр хандаж болохгүй нь.

 

ЖУУЛЧДЫН ЗАМ ТОССОН МАЛЧИД МӨНГӨӨР ТАСАРДАГГҮЙ

 

“Хөвсгөлийг хөгжүүлэх гарцыг холоос хайх хэрэггүй. Энгийн зүйлээс эхлэх хэрэгтэй” гэдгийг хөтөч тайлбарлагч нар хүртэл хэлж байсан. Учир нь, баруун аймгууд руу явах замд жуулчдын зам тосч буусан малчин айл цөөнгүй тааралддаг. Мөн жижиг, дунд бизнес эрхлэгчид, гар үйлдвэрлэл эрхэлсэн

наадмын дараа аялагчдад ааруул, ээзгийгээ зарах гээд жуулчдын зам тосч буудаг аж. Тэд зуны гурван cap “ажиллаад” олсон орлогоороо оюутан хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлдөг. Ард нь малын өвс, тэжээл базаах хэд гурван төгрөг цааш нь хийж амждаг. Зуныхаа амралтаар хүүхдүүд нь тэмээ, морь унуулах, жуулчдад газарчлах зэрэг ажлыг хийгээд бас хэд гурван төгрөг халаасалдаг. Зарим нь жимс түүж, жуулчдад зардаг. Тэгээд ном, дэвтрийнхээ мөнгийг олдог гэж байсан. Ийм маягийн бизнес эрхлэгчид нэг л зүйлийг онцолж байв. Тэд “Гадаад, дотоодын жуулчид ялгаагүй сонирхсон зүйлдээ гар татдаггүй. Тэр тусмаа до­тоодын жуулчид ааруул, өрөм, айраг цагааг ямар нэгэн орчуулагч, тайлбарлагч, амталгаат худалдаа шаардахгүйгээр шууд худалдан авдаг. Тэр утгаараа гадаадын жуулчдаас ч илүү орлого оруулдаг” гэж байв. Сүүлийн гурван жилд иймэрхүү маягаар амьдрал ахуйгаа өөд нь татаж буй малчин Л.Дүгэржав гуайнх ч гэсэн тусдаа гарсан хүү, охин хоёртойгоо нийлээд гурван гэрээрээ ийм бизнес эрхэлдэг ажээ. Тэд олон зүйл ярихыг хүсээгүй ч “ Бидний хувьд хамгийн ашигтай бизнес бол аялал жуулчлал. Манайх гурван гэрээрээ мөнгөөр тасардаггүй. Жуулчдын зам тосч зусдаг болохоор амьдрал ахуйгаа өөд нь татахад хүрэлцдэг” гэж байсан. Үүнээс харахад, аялал жуулчлал нь иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, цаашлаад жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэгт эергээр нөлөөлж байна. Уг нь Хөвсгөл аймаг өнөөдөр хөгжих, цахимжих тухай ярих бус хөгжлийг түүчээлж, хямралыг давах тухай ярих цаг юмсан.

Зууны мэдээ

Б.Энхтуул

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button