"Авлига авсан, хууль бусаар хөрөнгөжсөн этгээдүүдийг өршөөх нь буруу"

УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаанаар Засгийн газрын зарим сайд нарыг огцруулахаас гадна нийгэмд хүлээлт үүсгээд байсан Өршөөл үзүүлэх тухай хуулийг төслийг хэлэлцэн батлаад байгаа билээ. Гэвч өршөөлийн тухай хууль нь энэ удаа орж ирэхдээ гол зорилгоосоо хазайж, улс төрийн, эдийн засгийн, албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг хаацайлсан байдлаар батлагдаад буй. Иймээс дээрх хоёр асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хориг тавьж магадгүй юм.

Тэгвэл Өршөөлийн тухай хуультай холбоотойгоор тэрээр өнөөдөр өөрийн байр сууриа нүүр хуудсаараа тодорхой мэдэгдлээ. 

Тэрээр "УИХ-ын хаалттай хуралдаанаар Өршөөлийн хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийжээ. Авлига авсан, албан тушаалаа урвуулсан хэтрүүлсэн, хууль бусаар хөрөнгөжсөн, төсвийн мөнгө хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, иргэдийг залилсан этгээдүүдийг өршөөх нь буруу. Мөн ийм гэмт хэрэг үйлдсэн байж болох үндэслэлээр шалгагдаж байгаа албан тушаалтнуудыг өршөөлд хамааруулж болохгүй.

Өршөөлийн хуульд төрийн бодлого, зарчим тусах ёстой. Өмнөх алдаанаасаа авсан сургамжаа ч тусгах учиртай. Түүнээс бус хууль тогтоогчдын бүрэлдэхүүнд багтсан явцуу бүлэглэл, хууль завшихыг санаархагч, гэмт үйдлээ халхлахыг хичээгчид, тэдний гар хөл бологчид, хамсаатнуудын ил далд хуйвалдаан, хүсэл сонирхлын жагсаалт байж болохгүй. Ийм байдлыг улс орны бодлого тодорхойлогчид, УИХ-ын гишүүд өөгшүүлж урамшуулж болохгүй.

Дээрхи үйлдлийг хүн бүр жигшиж, газар авахуулахгүй хориглож байх нь зөв. Монголын төр авлигачдын бус ард түмнийхээ нийтлэг эрх ашигт үйлчлэх хуультай. Түмэн олон ч сонор соргог, сэрэмжтэй байж хууль шударга ёсны талд хатуу зогсох нь Монголын хөгжил дэвшил, сайн сайханд хэрэгтэй" гэжээ.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button