Т.Аюурсайхан дарга аа, ажлаа хийгээч дээ

“Дулмаа минь л бодогдоод байх юм” гэж “Тунгалаг тамир” кинонд гардаг даа. Түүнтэй адил сүүлийн үед О.Магнай л бодогдоод байх боллоо. Муу хэлэлтгүй хөөрхий минь сайн ажиллаж, ШӨХТГ гэж байдгийг мэдрүүлдэг байж. Харин Т.Аюурсайхан гэдэг нөхөр энэ байгууллагын даргаар очсоноос хойш нэг л нам жим болчихлоо. Тиймээс л О.Магнайг санагалзсан хэрэг. Тэр дундаа өчигдөр маш ихээр саналаа. Учир юу гэхээр улаан буудай жаахан багахан ургаж магадгүй гэсэн сураг гарахтай зэрэгцээд шахуу талхны үнэ нэмэгдчихлээ. Хэдхэн хоногийн өмнө 1050 төгрөгөөр зарагдаж байсан Атар талхны үнэ нэмэгдээд, 1200 болчихлоо.

 

Ямар тооцоо хийгээд 150 төгрөгөөр нэмээд байгаа юм, бүү мэд. Бодвол улаан буудай хомсдох сургаар гурилын үнэ багахан нэмэгдсэнтэй холбоотой юм байлгүй дээ. Энэ бүхнийг ШӨХТГ харж л байгаа байлгүй дээ. Тэгсэн мөртөө ажлаа хийж эхлэхгүй байгаад нь гайхаад байна. Улаан буудай жаахан  хомсдож магадгүй гэсэн яриа л гарч байгаа болохоос биш манай улс буудайгүй болчхоогүй байна. Тэгээд ч зарим эх сурвалжийн өгч байгаа мэдээллээр энэ жил манай улс 310 орчим мянган тонн улаан буудай авчихаж магадгүй байгаа юм билээ. Ер нь бол Монгол Улсын улаан буудайн жилийн хэрэгцээ 320-350 мянган тонн гэсэн тооцоо байдаг. Ингээд бодоод үзвэл гурилгүй, талхгүй болчих арай болоогүй байна. Нөгөө талаар улаан буудай хомсодсон байлаа ч гэсэн намраас л асуудал “ургах” ёстой биз дээ. Гэтэл “Алаагүй баавгайн арьсыг арав хуваана” гэгчээр буудай хомсдох сураг дуулдах төдийд л гурил, талхны үнэ нэмэгдээд явчих юм. Эхлээд улаан буудайгаа хураагаад авчихъя.

 

Улсын хэрэгцээг хангаж чадахаар буудай хурааж чадах нь уу, хэр дутах нь. Яаж нөхөж болох уу гээд асуудал зөндөө байна. Тэр болтол хуучин хямд үнээр худалдаж авсан буудайгаараа л нөхдүүд гурилаа хийнэ шүү дээ. Тийм болохоор үнээ нэмээд, ашиг олох гээд байх шаардлага байхгүй. Шударга бусаар л өрсөлдөж байна гэсэн үг. Дээрээс нь гурилын үнэ бага сага нэмэгдлээ гээд талхны үнэ 150 төгрөгөөр нэмэгдээд байх шалтгаан бас байгаа бил үү. Энэ бүхэнд ШӨХТГ-аас анхаарал тавьж, шалгалт энэ тэр хиймээр байна. Ер нь манай бизнес эрхлэгчид сураг сонсоод л үнээ угтаж нэмдэг заншилтай болчхоод байгаа. Бичигдээгүй хууль гэх юм уу даа.

 

Тэгвэл энэ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах цаг болсон. Өмнө нь шатахуун импортлогч компаниуд яг үүнтэй адил нөхцөл байдлаар үнээ нэмсэн. Тэр үед нь О.Магнай дор нь арга хэмжээ авч, шалгаад хууль бусаар нэмсэн байна гэдгийг нь тогтоогоод торгууль ногдуулж байсан. Яг энэ маягаар ажиллаж, ургаж дуусаагүй байгаа улаан буудайн хомсдолын сургийг сонсоод угтаж үнээ нэмж байгаа компаниудыг шалгамаар байна. Үнэхээр нэмэхээс өөр аргагүй байв уу. Эсвэл ашиг олох гэсэн арга байв уу гэдгийг нь тогтоогоод, ард түмний төлөө хөдөлмөөр байна, Т.Аюурсайхан дарга аа.

 

 Монголын мэдээ

Н.Пунцагболд

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button