"Тулгамдсан асуудал бол авлигачдыг өршөөх асуудал биш"

УИХ-ын ээлжит бус чуулганаар батлагдсан Өршөөлийн хуулийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нар олон нийтэд хандан мэдээлэл хийлээ. 

МАН-ын бүлэг өршөөл үзүүлж байсан өмнөх зургаан хуулийн жишгийн дагуу насанд хүрээгүй, жирэмсэн, бага насны хүүхэдтэй, өндөр настай, бие махбодийн хувьд ял эдлэх чадваргүй болсон, болгоомжгүй, хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг өршөөхийг дэмжсэн. Засгийн газар энэ жишгийн дагуу Өршөөлийн хуулийн төслийг өргөн барьсан. Харамсалтай нь хэлэлцүүлгийн явцад АН, "Шударга ёс" эвслийн бүлгээс гаргасан албан тушаалын гэмт хэрэг, авлига хээл хахууль авсан хүмүүсийг хамруулж өршөөх саналыг анхны хэлэлцүүлгийн үеэр эсэргүүцэж байнгын хороо, чуулган дээр МАН-ын бүлгийн гишүүд саналаа хэлж байсан. Ийм ч учраас Өршөөлийн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгт МАН-ын бүлгийн гишүүд оролцоогүй, картаа сугалсан. Ээлжит бус чуулган анхнаасаа хууль бус байсан. Эдийн засгийн ил тод байдлын тухай болон Өршөөлийн хуулийн төсөл дээр зарчмын өөр байр суурьтай байгаагаа илэрхийлж хаврын чуулган завсарлахаас өмнө завсарлага авч байсан. Өршөөлийн хуулийн төслийг хаалттай хэлэлцсэн. Хаалттай хуралдааны явцыг мэдээлэх боломжгүй байсан. Нэгэнт Өршөөлийн хууль батлагдаж, хуулийг хэрэгжүүлэх комисс байгуулагдаж байгаа учраас энэ комисст МАН-ын бүлэг гишүүдээ ажиллуулах боломжгүй гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт мэдээллээ.

Ж.Мөнхбат: Ээлжит бус чуулган авлигачдыг өршөөх эцсийн зорилготой байсан нь батлагдлаа

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат байр сууриа илэрхийлэхдээ "Хэдхэн жилийн өмнө "Авлигачдын нурууг атийлгаж, ард түмнийхээ нурууг тэнийлгэнэ" гэсэн уриатай сонгуульд орж байсан АН авлигачдын нурууг тэнийлгэж, ард түмний нурууг атийлгасан үйлдэл хийж байгаад туйлын харамсалтай байна. Ахмад настан, эмэгтэйчүүд, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг өршөөхийн хажуугаар гуя дагаж хүзүү гэдэгчлэн албан тушаалтан, авлигачдыг хуйгаар нь өршөөсөн хууль баталлаа. Авлигатай дайн зарлаж, авлигачдыг цээрлүүлье гэж уриалж байсан улс төрийн хүчин ийм алхам хийсэн нь монголын улс төрд эмгэнэл болж байна. Энэ үйлдлийнх нь төлөө АН-д эмгэнэл илэрхийлж байна. "Цэвэр агаар" сан, "Нүүрс" хөтөлбөр, татварын хэрэг, Г.Дэнзэн, Л.Гансүх, төмөр зам, халамжийн хэрэг гэх мэтчилэн 10 тэрбумаас дээш төгрөгийн хохиролтой хэргүүд өршөөлд хамрагдаж байна. Төрд шургалсан авлигачид, төрөөс төрсөн тэрбумтнуудыг хөхиүлэн дэмжсэн ийм хуулийг хүч түрэн баталж, хууль зөрчсөн ээлжит бус чуулган хийлээ. Улс орны хувьд өнөөдөр тулгамдсан асуудал бол авлигачдыг өршөөх асуудал биш. Ээлжит бус чуулган албан тушаалтан, авлигачдыг өршөөх эцсийн зорилготой байсан нь батлагдлаа гэв.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button