Гэрэл зурагчид алан хядлагатай тэмцэх хуулийг эсэргүүцэн жагслаа

Английн цагдаа нар “Алан хядлагатай тэмцэх хууль”-ийн хүрээнд сэжигтэй харагдсан хүн бүхнийг нэгжих эрхтэй байдаг аж. Харин өчигдөр хуулийн энэ заалтыг “хүний эрхийг зөрчсөн заалт” хэмээн эсэргүүцсэний тэмдэг болгож 2000 гадаад, дотоодын гэрэл зурагчин Лондоны Трафальгарскийн төв талбайд жагслаа. Учир нь олон жил мөрдөгдсөөр ирсэн уг заалтын “хохирогчид” нь ихэвчлэн тэд болдог аж.

 

Тэд “Бид гэрэл зурагчид болохоос алан хядагч биш” хэмээн бичсэн уриа барьсан байжээ. Тэд үүгээрээ 2000 онд батлагдсан “Алан хядлагатай тэмцэх хууль”-ийн 44 дүгээр заалтыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна. Уг заалтаар цагдаа нар зөрчил гаргаснаас үл шалтгаалан сэжигтэй харагдсан бүх хүний биед нэгжлэг хийх эрхтэй болсон юм. Уг заалтын хэрэгжилтийг өөр дээрээ амссан Жонатан Уоррен гэгч эрхэм ”Энэ хуулийн заалт

нь Олон улсын хүний эрхийн тухай хуулийн хэд хэдэн зүйл заалтыг зөрчсөн” хэмээн баталж байна. “Би ажлаа хийж явтал цагдаа зогсоон нэгжлэг хийж эхэлсэн. Надад зурагчин сэтгүүлчийн үнэмлэх бий л дээ. Түүнийгээ гаргаад үзүүлтэл тэд огтхон ч үнэмшээгүй. Эцэст нь би тэр өдрийнхөө ажлыг алдсанаар хэрэг өндөрлөсөн дөө. Харин тэд уучлалт гуйгаад л өнгөрсөн. Хүний ажлыг алдуулж хохироосон цагдаа нарт хариуцлага тооцдоггүй нь заалтын гол “цоорхой” юм” хэмээн тэрбээр бухимдсан байна.

 

Жагсагчдын дунд цагдаагийн хувцас өмссөн хүмүүс цөөнгүй байсан аж. Европын холбооны шүүх өнгөрсөн долоо хоногт Их Британийн “Алан хядлагатай тэмцэх хууль”-ийн 44 дүгээр зүйл нь хүний эрхийг зөрчсөн байна” гэсэн шийдвэр гаргасныг тэд дэмжиж байгаа нь энэ ажээ.

 

Монголын мэдээ
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button