Наадам-Маргааш дахиад наадам

Өнөөдөр Монголд чухам юу элбэг байна вэ гэвэл наадам гэж хэлэх байна. Тиймээ наадам. Энэ жилийн наадмыг тоолоод барах арга алга. Өнгөрсөн сард буюу долдугаар cap гаруут л аймаг, сумдын наадам эхэлсэн. Тэгээд Улсын баяр, аймаг сумын 90 жилийн ой, хэн нэгэн гэгээнтэнд хүндэтгэл үзүүлэх наадам, бас тийм нэгэн хурдан морины наадам гээд хөвөрч өгсөн.

 

Улсын баяр наадмаас хойш хичнээн ч наадам болов доо. Орон нутагт наадам шингэрмэгц “Даншиг наадам-Хүрээ цам-2015" шашин соёлын наадам саяхан болов. Энд зөвхөн нийслэлийнхэн биш монгол даяны наадам болж таарсан. Энэ наадамтай бас Монголын морин спорт уяачдын холбооны 20 жилийн ой наадам. Тэр наадамтай 20-иодхон км-ийн цаана Говьсүмбэрийнхэн нэг наадам зохион байгуулж ихэр гурван наадамд багцаагаар 20 мянган хүн оролцсон гэсэн. Ингээд л энэ жилийн наадам төгсөх нь дээ гэтэл үгүй юм аа.

 

Өчигдөр, уржигдар Хөвсгөл аймагт “Хөвсгөл хурд-2015” шилмэл хурдан морины уралдаан наадам болж өндөрлөв. Энэ наадмын тоос нь ч намжаагүй тэнд очсон морь, бөхийн хөлс хатаагүй байхад өчигдөр Сэлэнгэ, Хэнтий аймагт наадам давхцав.  Энэ жилийн наадамд түрүүлж улсын арслан цол хүртсэн Э.Оюунболддоо хүндэтгэл үзүүлэх наадмаа Хэнтийнхэн хэнээс ч дутахгүй хийж байгаа бол Баруунбүрэн сумын нутаг Амарбаясгалант хийдэд Гонгор бурхны бумба тахих ёслол- наадам мөн эхлэв. Тийнхүү наадам дуусах янзгүй ээ.

 

Монгол хүний аз жаргалыг баяр наадам гэдэг. Тийм болохоор хэнбугай ч морь уралдаж, бөх барилдаж байхад хажуугаар нь ажиггүй өнгөрнө гэж байхгүй л дээ. Ер нь монголчуудын хувьд өссөн төрсөн нутаг юугаа хамгийн их мэдэрдэг үе бол наадам л даа. Наадамчид нутаг нутгаараа талцан морь, бөхөө дэмжинэ. Наадам дөхөхөөр уяач, бөхчүүд төдийгүй нийтээрээ л унаа морио барьж, өмсөх зүүхээ базаадаг. Энэ нь байж болох монгол зан. Гэтэл сүүлийн үед наадмын өнгө төрх арай л бишээ. Тэр нь юу гэвэл бидний Монголын цөөнх баячуудын хөрөнгө чинээгээрээ өрсөлдөх утга санаа сүрхий давамгайлах болов. Өнгөрсөн наадмуудын жишээнээс харахад хэн баян байна тэр хүний аймаг, сум дориун наадам хийж харагдах.

 

Дундговийн “баярхуу” наадмын тухай хүмүүс шагшин ярих юм. Түрүүлсэн морины бай “Ланд-200”, түрүү бөх хоёр өрөө байр, үзүүрлэсэн нь нэг өрөө байр ч гэх шиг. Улсын цол хүртсэн хоёр бөх бас хоёр өрөө байрын түлхүүр, “Ланд-200”-тай гардлаа л гэсэн. Зүгээр даваагүй ч гэсэн энэ наадамд очсон улсын цолтой бөх бүхэн 400 мянган төгрөгөөр мялаалгасан гээд ийм тийм шагнал гээд яривал дуусашгүй. Энд УИХ-ын эрхэм гишүүн Б.Наранхүүгийн өглөгчийнх гэж байна. Тэр наадмын утга нь гэвэл Мандалговь хотын 50 жилийн ой л байлаа. Байдаг л наадам даа.

 

Увс аймгийнхан ч бас л нүнжигтэй наадсан. Наадамд зорьж очсон улсын цолтон, арай алдар нэртэй бүхэнд мөнгөн эмээл хазаартай морь бэлэглэсэн нь хэдийгээр монгол төрхийг харуулсан ч гэлээ сураг сонссон, харсан хүмүүсийн чихийг дэлдийлгэж, нүдийг бүлтийлгэсэн явдал байлаа.

 

Олон ч сум 90 жилээ тэмдэглэв. Ойгоо, наадмаа олигтойхон хийсэн дарга нарын нэр хүнд ч өсдөг лб ололтой юм билээ. Гэхдээ тэр ой наадмын дараа олигтойхон бүтээн байгуулалт гэх юм нь ганц нэг хөшөө, “Тавтай морилно уу” гэсэн хаалга л үлддэг.

 

Наймдугаар сар дундаа орлоо. Монгол түмнээрээ наадамласаар. Уг нь Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нэг удаа наймдугаар сарын нэгнээс хойш наадам хийхийг хориглоно гэж хэлсэнсэн. Тэр үг наадамчдын салхинд хийсч одсон бололтой.

 

Улс орон даяар хадлан тэжээл авах, өвөлд бэлтгэх ажлууд хйош тавигдсаар байна. Өвөл болдгоороо болно. Мичин жилийн өвөл хатуухан болох давтамж нь таарч байгаа гэж хууччуул хэлээд л байгаа. Төр, засгийн ажил алба ч тарамдчихсан. Засгийн газар хэдэн сайдаа огцруулчихаад ам бүл цөөхөн хагас дутуу ажилтай. Та минь ээ наадмаа дуусгаад ажлаа бод гэх ч тэнхээгүй л байх шиг байна. Намрын сэрүүн ороодэхэллээ. Наадмаа дуусгаач гэж хашхирмаар л…

 

Зууны мэдээ

Ц.Жаргалсүрэн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button