Н.Энхбаяр: “Шударга ёс” эвсэл төр, засгийг тогтвортой байлгахын төлөө байгаа

МАХН-ын дарга, “Шударга ёс” эвслийн тэргүүн Н.Энхбаяр өчигдөр 23.25 цагт  Улаанбаатар-Сөүлийн нислэгээр эх орондоо ирлээ. Чингис хаан олон улсын нисэх буудалд түүнийг  хүү Э.Батшугар нь болон намын гишүүд, журмын нөхөд, хамтран зүтгэгчдээс нь гадна хэвлэл, мэдээллийнхэн тосч авлаа. Тэрээр сэтгүүлчдийн асуултад ингэж хариуллаа.

-Сайн байна уу, Та Монголдоо  бүр ирж байна уу, түр хугацаагаар ирж байна уу?

-Яг хэдэн хоног байхаа хэлж чадахгүй нь.  Та бүхэн өөрсдөө сайн мэдэж байгаа байх төр, засгийн бүтэцэд тодорхой хэмжээгээр  өөрчлөлтүүд орж байна. АН, МАН хоёр хамтран ажиллаж байгаад Ардын нам нь засгаас гарсан байгаа. МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, бусад нам, гишүүдтэй  хамтран  суларсан орон тоон дээр  ажиллах шаардлага гарч ирж байна. Үүнд нь аль болох тус дэмжлэг үзүүлэх юм сан. Ер нь манай “Шударга ёс” эвсэл энэ төр, засгийг тогтвортой байлгах, төрийн ажилд ямар нэгэн гацаа байгаа бол тэрийг арилгах үүргийг гүйцэтгэж ирсэн.  Одоо ч энэ байр суурьтаа байгаа, цаашид ч ийм байна гэж бодож байна. “Шударга ёс” эвслийн зүгээс нэгэнт нөхцөл байдал ийм болсон тул та ирж энэ асуудлыг ярих, хэлэлцэхэд оролцооч, эвслийн тэргүүний хувьд байр сууриа илэрхийлээч гэсний дагуу ирж байна. Асуудлыг ерөнхийд нь мэдэж байгаа болохоос яг юу болоод байгаа зэрэг нарийн ширийн зүйлийг мэдэхгүй. Гэхдээ   улс орны хэмжээнд амаргүй цаг үе, хөгжлийн хүндхэн мөчлөг таарсан байна. Үүнд нь миний тус байдаг юм бол хэлж зөвлөхөөсөө татгалзахгүй. Тэгэхээр төр, засгийг тогтвортой байлгахад миний бие туслах гэж л  ирж байна. Түүний зэрэгцээ ард түмэнтэйгээ уулзъя, дуу хоолойг нь сонсъё. Хэлэх, ярих зүйл их байгаа байх. Мэдээж хэрэг монголчуудтайгаа уулзаж  монголоороо ярьж, нутгийнхаа салхийг үнэрлэж  нутгаасаа бас эрч хүч авах хүсэл байна.  Ингэж л ирж байна даа.

-Таныг ирэхээс өмнө Шадар сайд болно гэсэн мэдээлэл гарсан. Та сайд болох уу?

-Албан тушаал хөөцөлдөж байсан бол аль хэдийнэ авах байсан биз. Надад албан тушаал хэрэггүй. Харин хүнд хэцүү нөхцөлд орчихсон байгаа хэн ч бай, тэр нь жирийн хүн байна уу, Засгийн газар байна уу тусалъя, туршлагаасаа хуваалцаж тусалъя, дэм өгье гэсэн бодол байна. Хэн нэгнийг тэр нь чадсангүй, энэ нь чадсангүй  гэхээс  илүү асуудлын гол нь  юундаа байна гэдгийг ярьж, санаа бодлоо хуваалцах нь зөв байх.  Тэр санаа бодол нь үнэ цэнэтэй байх юм бол бодлого болгоод хэрэгжүүлээд явдаг байх ёстой болов уу.

-Таныг ирэхээс өмнө болсон бас нэг үйл явдал бол УИХ-ын ээлжит бус чуулганаар Өршөөлийн хуулийг хэлэлцэж баталсан. Энэ хуулиар таныг өршөөгдөхөөр  байгаа гэсэн мэдээлэл бас гараад байгаа. Мөн үүнтэй холбоотойгоор таныг эх орондоо ирлээ гэсэн яриа, хөөрөө дуулдаж байна. Энэ бодитой юу?

-УИХ-аар хаалттай хэлэлцсэн юм байна лээ. Тэр дотор юу ярьж, хэлэлцсэнийг энд байгаа та нар сайн мэдэхгүй байхад Солонгост эмчлүүлж байгаа   би яаж мэдэх вэ. Гэхдээ ямар ч байсан Өршөөлийн хууль хэлэлцэгдсэн юм байна, ингэхдээ хаалттай болжээ гэдгийг  интернэтээс  харсан. Намайг Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад болон УИХ-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байхад ийм хууль гарч байсан, ярьж  байсан зүйлүүд бий. Энэ удаа  мөн хууль баталж, харин дотор нь юу байгааг бол мэдэхгүй байна.

-Монгол орны эдийн засаг хямарч, ард түмний амьдрал хүнд байгааг  та сайн мэдэж байгаа байх. Гэтэл дээр нь засаг, төр тогтворгүй улс төрийн хямрал нүүрлэж  нэрмээс болж байна. Үүнээс гарах ямар гарц байгаа бол. Та юу гэж харж байна?

-Гарц мэдээж байгаа. Хамт сууж байгаад ярих хэрэгтэй. Бүгдээрээ хэлэлцвэл гэдэг шиг бүгдээрээ суугаад ярилцах ёстой, тэгж байж зөв зүйтэй замаа олох ёстой. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүний хувьд өөрийн эрхгүй тэгэхгүй яав даа, ингэчихгүй яав даа гэх мэтээр харж, бодож л байдаг. Тийм учраас хэлэх зүйл их байна. Гэхдээ хийх хүмүүс, хийж байгаа нөхдүүд  юу гэж бодож сэтгэж байдгийг мэдэхгүй. Надаас асуувал, туршлагаасаа хуваалцаач гэвэл татгалзах зүйл байхгүй.

-Таныг өмнө нь ирэхдээ Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагаачихаад явчихлаа гэсэн яриа гарсан. Өнөөдөр улстөрийн нөхцөл байдлыг та юу гэж дүгнэж байна. Мэдээж намынхнаасаа энэ талаар мэдээлэл авсан байх?

-Тэр талаар ярилцсан.  Гэхдээ тэр ажиллаж чадаагүй, энэ хийж чадаагүй гэхчлэн бусдыг хэлмээргүй байна. Бас намайг ирээд явахаар уначихдаг Засгийн газар гэж хаа байсан юм бэ. Ардын нам Засгийн газарт орохыг  ч би мэдээгүй. Тийм учраас надаас шалтгаалж хэн нэгэн унадаг, огцордог гэвэл худал. Манай “Шударга ёс” эвсэл 2012 онд засагт хамтарсан, өнөөдөр ч тэр үерхэлдээ үнэнч хэвээр байгаа. Цаашид ажиллана. Мэдээж хамтарсны хувьд бас нэг гол ачааг үүрч байгаа. Гэхдээ жолоогоо дутуу бариад байвал үүрсэн ачаагаа даахад амаргүй. Бид тэрнээс болж  Засгийн газар уначихлаа, үүнээс болж ингэчихлээ гэж ярихаас илүү  ард түмнээ  яаж сайхан амьдруулах вэ,тулс орноо яаж хөгжүүлэх вэ гэж бодох ёстой, тэрийгээ хамтраад ярьдаг байх ёстой, нэгдээд зүтгэдэг байх хэрэгтэй. Хятад, Орос болон бусад улс орнууд  ард түмнээ яаж сайхан амьдруулж, улс орноо хэрхэн  хөгжүүлж байна гэдгийг харах хэрэгтэй. Казахстан улсын жишээ гэхэд л сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж нэг хүнд ногдох ДНБ нь   24 000 ам.доллар болж,  дэлхийн шилдэг 45 орны жагсаалтад орж өндөр хөгжилтэй баян чинээлэг улсын нэг боллоо. Монголд ч гэсэн өөрийн зам байгаа байх. Улс орноо, хүн ардаа хөгжүүлэхийн төлөө би сүүлийн жилүүдэд гурван 15-ын бодлого гэж ярьж байсныг та бүхэн санаж байгаа байх. Жил бүр эдийн засгаа 15 хувь өсгөөд байвал бид 15 жилийн дараа нэг хүнд  15 мянган ам.доллар ногддог улс орон болох нь ээ гэж би тухайн үед хэлж байсан. Бодоод байхад би тэр үед хэтэрхий даруу, хэтэрхий болгоомжтой хэлж байж. Түүнээс биш хурдан хөгжих бололцоо байгаа. Үүнийг би тийм ажил авчихсан гэдэг утгаар хэлж байгаа юм биш. Тийм бололцоо бий шүү, нөхдүүд ээ. Бүгдээрээ хамтаръя, зөвлөлдөе. Энэ зөвлөгөөнөөс гарсан үр дүнг та нар маань авч хэрэгжүүлээд яваач ээ. Улс орноо хүнд нөхцөл байдлаас гаргаж ажилла гэж хэлж байгаа юм. Миний зөвлөгөөг сонсох аваас би татгалзахгүй, зөвлөөд зогсохгүй хамтарч ажиллана. АН-ынхан маань манай “Шударга ёс” эвсэлтэй хамтарч ажиллаж байгаа учраас тэр нөхдүүдэд бас бодож, сэдэж байгаа зүйлүүд байж таарна.

-Нууц биш бол маргааш /өнөөдөр/  та ямар ажлууд төлөвлөв?

-Намынхантайгаа уулзаж, цаг үеийн асуудлаар санал солилцоно.

-Одоо  асуултаа өөрчилж,  таны сэтгэгдлийг сонсъё. Онгоцноос буугаад бороон дундуур алхахад, эх орондоо хөл тавихад танд  ямар санагдаж байх юм?

-Сайхан байлгүй яахав. Маш сайхан байна. Бороо орж, чийг үнэртээд. Нүүр тулаад уулзаж байгаа энэ монгол царайнууд, монголоороо ярьж байгаа маань гээд бүгд сайхан. Ер нь бол монгол хүний нүүр царай дандаа баяр баясгалантай, монгол хүн монгол хүнээ хүндэлсэн, бие биедээ талархсан, хэн хэнээ тэвэрч аваад сайн сайхныг хүсч баяр талархал, хүндлэлийг дэвшүүлсэн байгаасай гэж боддог. Энэ мөчид Монгол Улс Олимпийн аваргатай болчихоод бүгд хөгжилдөн хөөрч байсан, таних танихгүй хамаагүй бие биеэ тэвэрч аваад баяр хүргэж, хөөрч баясч  байсан мөч  яагаад ч юм бэ санаанд орж   байна. Миний бие монголчуудыгаа дандаа тийм байгаасай гэж хүсдэг.

 

Зууны мэдээ

Ч.Үл-Олдох

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button