“Сентерра Гоулд”-ын экс захирал Хоменюк гэж хэн бэ?

Интерполоор эрэн сур­валж­лагдаж байсан “Сентерра Гоулд” ком­панийн экс захирал Леонардо Хоменюкийг Бол­гарт амарч байхад нь баривчилсан талаар бид өмнө мэдээлсэн. Кир­гиз улсын Засгийн газ­рын хүсэлтээр түүнийг ийн­хүү баривчилсан бол тус улсын Прокурорын газ­раас  Кумторын алтны ор­дыг ашиглах гэрээг их хэмжээний авлига, хээл хахуулийн замаар шийд­сэн гэх хэргийг шалгаж эхэлжээ. Тэгвэл “Сентерра Гоулд” компанийн зүгээс бидэнд энэ талаар мэдэг­дээгүй, тийм зүйл байх ёсгүй гэсэн утга бүхий мэдэг­дэл гаргаснаас өөр ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй байна. Киргизийн тал ч мөн адил хэргийн явцын талаар дахин  мэдээлсэнгүй.   

Леонардо Хоменюк 2004-2008 онд “Сентерра Гоулд”-ын захирлаар ажил­лаж байсан. 2008 онд ажлаасаа гарсан. Түүнийг Киргизэд ч, Монголд ч хээл хахууль өгч шударга бус гэрээ байгуулж, тухайн улсад ямар ч ашиггүй өөрийнхөө компанид ашигтайгаар асуудлыг шийдсэн гол хүн гэж иргэний нийгмийн байгууллагууд, байгаль хамгаалагч ТББ-ууд үздэг. Энэ үндэслэлээр Киргизийн Засгийн газар  олон улсын шүүхэд хандаж, Интерполоор эрэн сурвалжлуулснаар баривчлуулаад байгаа юм.Мөн үүний эргэн тойронд олон үйл явдал цааш өрнөнө гэдгийг ч  ажиглагчид хэлж байна. Гэхдээ Канад улс  түүнийг  Жастин Каплатай адил уучлуулчих санаатай Киргизэд хандаж байгаа гэсэн мэдээлэл бас дуулдаж буй. 

“Сентерра Гоулд” компанийн хувьд ураны олборлолтоор дэлхийд томоохонд  тооцогддог Канадын “Камеко” ком­паниас салбарласан. “Камеко” компани ураны дөр­вөн том уурхайтай. Ураны хор уршиг, атомын цахилгаан станцын сүйрэл зэргээс үүдэн энэ салбарын нэр хүнд муудах үед алт руу орохоор шийдэж, ин­гэх­дээ Монголд Бороогийн орд, Киргизэд Кумторын орд руу зэрэг оржээ.  Ингэхдээ Кумторт өөрийн нэрээр орсон бол Монголд охин компаниа “Бороо Гоулд” нэрээр оруул­сан бол энэ хоёр ордоос хөл дээрээ баттай зогсчээ. Манай улсаас  50 тонн алтыг шууд аваад гарахад амархан байсан бол Киргизэд тэмцэл хөдөлгөөнтэй байнга тул­гарч ирсэн. Үүний нэг илрэл нь Киргизийн Засгийн газрын хүсэлтээр  “Сентерра Гоулд”-ын экс захирал Хоменюкийг Интерполынхон барив­чил­сан явдал юм.

Одоо “Сентерра Гоулд” ком­панийн захир­лаар Стивен Ленг гэж хүн ажилладаг. Тус ком­пани алтны 5-6 ордтой. Киргизэд Кумтор, Мон­голд Бороогийн ордод алт олборлож, дараа нь Гацуурт руу орсон, Туркийн Оксутын ордыг эзэмш­дэг бол Канаддаа алтны хэд хэдэн ордтой. Монгол Улс, Киргиз улсад зэрэг алт олборлохдоо авлига, хээл хахууль, залилангийн замаар бүхий л асуудлыг өөрсдөдөө ашигтайгаар шийдүүлж ирсэн байдаг.  Тиймээс  Хоменюкийг баривчлаад байгаа энэ цаг мөчид асуудлыг Монголтой холбож ул суурьтай ажиллаж, манай талаас бас гомдол нэхэмжлэл гаргаж чадвал Гацуурттай холбоотой бүхий л булхай луйвар илэрч болзошгүй юм. Ийм ч байх болно  гэдгийг манай зарим иргэний нийгмийн байгууллага, ТББ-ууд хэвлэлээр байр сууриа илэрхийлжээ.

 

Зууны мэдээ

Ч.Зотол

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button