Эрүүгийн хуулийн албан тушаалтнуудад хариуцлага тооцох 10 зүйл заалтыг бүгдийг Өршөөлийн хуульд хамруулжээ

УИХ-ын ээлжит бус чуулганаар батлагдсан Өршөөлийн хуулийн талаар МАН-ын бүлгээс өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийсэн билээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Эрүүгийн хуулийн бүх заалт энэ өршөөлд бүрэн хэмжээгээр хамрагдах улс төрийн алхам хийгдсэнийг мэдэгдсэн юм. Үүнийгээ бүр эрүүгийн хууль зүйл заалттай нь танилцуулж байв.
Түүний хэлснээр одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хууль 305 зүйлтэй аж. Үүний 78 нь ерөнхий ангид, 227 нь тусгай ангид хамаардаг. 227 зүйлээс авлигачид, албан тушаалтнуудад хариуцлага тооцох 10 зүйл байдаг бөгөөд бүгд Өршөөлийн хуульд хамрагдаж байгаа юм байна.
Тухайлбал, залилан мэхлэх замаар өмч завших /148 дугаар зүйл/, улсын хөрөнгийг завшиж үрэгдүүлэх, банкны хууль тогтоомж зөрчиж асар их хэмжээний луйвар хийдэг асуудлыг зохицуулдаг /156 дугаар зүйл/ зүйл заалтууд өршөөлд хамрагдаж байна. Шинэ төрлийн гэмт хэрэгт тооцогдож байгаа мөнгө угаах гэмт хэрэг, албан тушаалаа урвуулан ашиглах /263 дугаар зүйл/, албан тушаалаа хэтрүүлэх /264 дүгээр зүйл/, хээл хахууль авах /268 дугаар зүйл/, хээл хахууль өгөх /269 дүгээр зүйл/, хууль бусаар хөрөнгөжих /270 дугаар зүйл/, төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулах асуудлыг зохицуулсан /273 дугаар зүйл/ зүйл заалтуудыг өршөөлд бүрэн хэмжээгээр хамруулах шийдвэр гаргасан байна. Өршөөлийн хуулийн дөрөвдүгээр зүйлд хугацааг үл харгалзан эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлнэ гэсэн үг орсныг тэмдэглэе. Ийм хэргийн хэрэг бүртгэл, мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагааг хэрэгсэхгүй болгоно гэсэн аж.
Мөн тэрээр нэмж "Аливаа хэрэгт улс төрийн харьяалал гэж байдаггүй юм. Хүн бүхэн хуулийн өмнө тэгш эрхтэй. Ерөнхийлөгчөөс эхлээд гудамжинд яваа Должин эмээ хүртэл хууль шүүхийн өмнө тэгш байх Үндсэн хуулийн зарчимтай. Гэтэл засгийн эрх барих хугацааны эхний гурван жилд нь идэж уучихаад үүнийгээ цайруулахын тулд Өршөөлийн хуулиар хаацайлж ялаас мултрах нөхцөлийг бий болголоо. Хэрвээ иймдээ тулж байгаа бол Монгол хуультай, төртэй ч байх хэрэггүй. Бүгдийг нь татан буулгах хэрэгтэй. Ийм ялзарсан хуйвалдаан болж байгаад харамсал илэрхийлж байна. 2000 оны долдугаар сард Р.Гончигдорж бүрэн эрхийнх нь хугацаа дуусаагүй байсан гишүүдийг цуглуулж нэг хүнийг зохиомлоор нэмж Өршөөлийн хуулийг батлуулснаар АН-ынхан нэг удаа ял хариуцлагаас зугтаж байсан. Одоо АН ээлжит бус чуулган зарлаж байгаад идсэн уусныг нь хэн ч мөрдөж шалгаж эрхгүй болгох хуулийн орчныг бий болгох алхам хийлээ. Үүний эсрэг Монголын төр, хууль гэж байдаг бол тэмцэх хэрэгтэй байна. Монголын төр, хуулийг хүчгүйдүүлэх ажлыг сүүлийн гурван жилд олон удаа хийлээ. Сонгуульд орохын өмнө сайхан юм амладаг, эрх мэдэл авсныхаа дараа идэж уучихаад өөрсдөдөө зориулж хууль гарган цайруулдаг ёс тогтох нь. Үүний эсрэг хүн болгон тэмцэх хэрэгтэй” хэмээн хэлж байсан юм.
olloo.mn