Долоо хоногийн тойм

Өнгөрч буй  долоо хоногийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өршөөлийн хууль батлагдлаа

\

УИХ-ын нэгдсэн чуулган ээлжит бусаар хуралдаж нийгэмд хүлээлт үүсгээд байсан хэд хэдэн хуулийн төслүүдийг хэлэлцсэний нэг нь  Өршөөлийн тухай хуулийн төсөл байлаа. Харин уг хуулийг өнгөрч буй долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа.

Хууль зүйн байнгын хороо хаалттай хуралдаж Өршөөлийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Үргэлжлүүлэн чуулганы нэгдсэн хуралдаан мөн үдээс хойш хуралдаж, Өршөөлийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хаалттай дэгээр хэлэлцэж баталлаа. 

Уг хуулийн төслийг Засгийн газраас энэ оны долоодугаар сарын 3-ны өдөр өргөн мэдүүлсэн юм.

 

Өршөөлийн хуулийг батласантай холбогдуулж, Хууль зүйн байнгын хороо хуралдаж Өршөөлийн тухай хуулийг хэрэгжүүлэх комисс байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцсэн.

Харин нийгэмд хууль батлагдсантай холбоотой  бухимдал үүсээд байгаа. Учир нь уг хуулиар авлига хээл, хахуулийн хэрэгтнүүд өршөөгдөхөөр болж байгаа юм. Улсад  их хэмжээний хохирол учруулж албан тушаалаа урвуулан ашигласан  хэрэгтнүүдийг өршөөж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй хэмээн эсэргүүцэх иргэд цөөнгүй байна. 

Ерөнхийлөгч Өршөөлийн хуульд хориг тавихаа мэдэгдлээ

\

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр Прокурорын байгууллагын түүхт 85 жилийн ойд оролцож үг хэлэхдээ Өршөөлийн хуульд хориг тавихаа мэдэгдсэн.

УИХ-ын нэгдсэн чуулганаар Өршөөлийн хуулийг баталсны дараа Ерөнхийлөгч олон нийтийн цахим хуудсаар дамжуулан авлигач, албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг өршөөхийг дэмжихгүй гэдгээ мэдэгдэж байсан. Харин тэрбээр энэ удаа үг хэлэх үеэрээ Өршөөлийн тухай хуульд хориг тавина гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Тодруулбал, хэлсэн үгэндээ "Өршөөлийн хуулийг өөрчилсний цаана аюултай наймаа явагдаж байна.

Засгийн газрыг ийм хууль өргөн барихаас аргагүй болтол дарамталж байгаа хүмүүс хэрхэн хуйвалдсаныг, хилийн чанадаас дарамталсныг, зочид буудалд цуглуулсныг мэдэж байна. Өршөөлийн хуулийн эцсийн найруулгыг одоо болтол надад танилцуулаагүй. Тиймээс хууль танилцуулсан өдрөөс хойш хориг тавих тав хоногийн эрх нээгдэнэ. Авлигачдыг өөгшүүлсэн хуулийг Монголын төрийн босгоор алхуулахгүй" гэсэн юм.

Ингэснээр нийгэмд талцал үүсгээд байсан Өршөөлийн хуульд Ерөнхийлөгч хориг тавих нь тодорхой боллоо.

Ээлжит бус чуулган хаалтаа хийлээ

\

УИХ-ын энэ удаагийн ээлжит бус чуулган 2015 оны наймдугаар сарын 14-ний Баасан гарагт хаалтаа хийлээ. УИХ-ын дарга З.Энхболд энэ сарын гуравны өдөр ээлжит бус чуулганы зарлан хуралдуулсан бөгөөд энэ хугацаанд Галт зэвсгийн тухай, Эдийн засгийн ил тод байдлын тухай, Өршөөлийн тухай хуулиудыг баталснаас гадна болон МАН-ын зургаан сайдыг Засгийн газраас огцруулах тогтоолыг баталсан юм. Харин Засгийн газрын шинэ гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж амжсангүй.

Чуулганы хаалтын өмнө Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх комисс байгуулах тухай  УИХ-ын даргын тогтоолын төслийг хэлэлцэж  дэмжсэн. Мөн зарим хуулийн эцсийн найруулгын талаар гишүүдийн саналыг сонссон юм.

 

УИХ-ын дарга З.Энхболд чуулганыг хааж үг хэлэх үеэрээ “Нийгэмд хүлээлт үүсгээд байсан олон хуулийн төслийг баталлаа. Өнөөдөр Ерөнхийлөгч Өршөөлийн хуульд хориг тавина гэдгээ мэдэгдсэн. Тэгэхээр энэ асуудал ирэх долоо хоногт орж ирэх байх. Мөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг сайд нарын асуудлыг ч мөн өргөн барих байх. Тиймээс ээлжит бус чуулганы товыг ирэх долоо хоногт дахин зарлаж хуралдуулна” гэлээ.

Угсраа автобус үйлчилгээнд гарч, нийтийн тээврийн хэрэгслүүд шинэ чиглэлээр үйлчилж эхэллээ

\

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах үүднээс энэ сарын сүүлийн хоёр долоо хоногийн амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулахаар болсон байна. Өөрөөр хэлбэл, наймдугаар сарын 22, 29-нд (Бямба) тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгслүүд, 23, 30-нд (Ням) сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцоно.

Мөн өчигдрөөс эхлэн нийслэлийн нийтийн тээврийн шинэчилсэн төлөвлөлтөөр их багтаамжийн автобусны үндсэн 69 чиглэлд 953 тээврийн хэрэгсэл ажиллах бөгөөд үүнээс 20 угсраа автобус, 40 троллейбус, 853 их багтаамж, 40 дунд багтаамжийн автобус иргэдэд үйлчилнэ. Түүнчлэн нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй ажлын нэг болох 17 метр урттай угсраа автобус иргэдэд үйлчилж эхэллээ. 

Б.Сансар

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button