Энэ долоо хоногт ээлжит бус чуулган хуралдана гэв

УИХ-ын даргын захирамжаар энэ сарын 3-нд нээлтээ хийсэн УИХ-ын чуулган 14 хоног хуралдаж өнгөрөгч баасан гарагт хаалтаа хийлээ. Ээлжит бус чуулганы гол зорилго нь хаврын чуулганаар хэлэлцэж амжаагүй нэн чухал хуулийн төслүүдийг хэлэлцэн батлах байсан. Гэсэн ч улс төрийн намуудын хамтын ажиллагааны гэрээ, авлигачдыг өршөөх зорилго бүхий Өршөөлийн хууль хоёроос өөр дорвитой хууль баталж чадаагүй юм. Ээлжит бусаар хэлэлцэх байсан Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийг ирэх намрын чуулган руу шилжүүлсэн бол Эдийн засгийн ил тод байдал, Галт зэвсгийн тухай хуулийг л энэ 14 хоногт гэрлийн хурдаар батлан гаргасан юм. Ингэснээр иргэдийн гэхээс илүү намууд, улстөрчдийн эрх ашигт нийцсэн дөрвөн асуудлыг л хэлэлцэж хаалтаа хийлээ. Чуулганы баасан гарагийн хуралдаанаар Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх комисс байгуулах тухай УИХ-ын даргын тогтоолын төслийг хэлэлцэж, батлав. Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссыг УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбатаар ахлуулан байгуулахаар тогтоолын төсөлд тусгажээ.

 

Чуулганыг хааж УИХ-ын дарга З.Энхболд үг хэлсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ “Ээлжит бус чуулганаар Галт зэвсгийн тухай, Эдийн засгийн ил тод байдаыг дэмжих тухай, Өршөөл үзүүлэх тухай зэрэг хаврын чуулганы хугацаанд хэлэлцэгдэж байсан хуулиудыг үргэлжлүүлэн хэлэлцэж баталлаа. Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын өргөн мэдүүлсний дагуу Засгийн газрын зарим гишүүдийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчлийн тухай хуулийн төслүүдийг намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхээр хойшлууллаа” хэмээгээд батлаж гаргасан хуулийн төслүүдийн ач холбогдол, хэрэгжих хүрээ, хамрах орчны талаар мэдээлэл өглөө. Мөн анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн, ял шийтгүүлсэн этгээдэд өршөөл үзүүлэх тухай хуулиар Ерөнхийлөгч хориг тавьсан тохиолдолд энэ долоо хоногт ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулна хэмээв. Мөн Ерөнхий сайд зургаан сайдынхаа нэрийг өргөн мэдүүлсэн тохиолдолд уг асуудаыг ч мөн хэлэлцэнэ гэдгийг хэлсэн юм.

 

Монголын мэдээ
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button