Хүндэвтэр гэмт хэрэг хийсэн этгээдүүдийн ялаас хоёр жилийг хасна

Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг  өнгөрсөн долдугаар сарын 03-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд Улсын Их Хурал уг хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын 2015 оны ээлжит бус чуулганаараа хэлэлцэн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг энэ сарын 11-ний өдөр баталлаа. Энэ хуулиар 2015 оны долдугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн зарим этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, захиргааны хариуцлага хүлээсэн этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхөөр заасан байна. Өршөөлийн тухай хуулиар өршөөлийг дараах байдлаар үзүүлэхээр зохицуулжээ. Үүнд:

– зарим этгээдийг ял, шийтгэлээс бүрэн өршөөн хэлтрүүлэх;

-зарим этгээдийн ялаас тодорхой хугацааг өршөөн хасах;

-зарим хугацааг хэрэгсэхгүй болгох;

-эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох.

 Мөн доорх таван зүйлд заасан гэмт хэргийг үйлдэж хорих ялаар шийтгүүлсэн этгээдийн эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг нь хасаж байгаа ажээ. Үүнд:

1. Насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,

2. Биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулах, биеэ үнэлэхийг зохион байгуулах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,

3. Бусдын эд хөрөнгийг хулгайлах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,

4. Бусдын эд хөрөнгийг булаах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,

5. Танхайрах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэмт хэрэг. Дээр дурдсан өршөөлд хамрагдахгүй этгээд болон өршөөлөөр эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жил нь хасагдах этгээдээс бусад, гэмт хэрэг үйлдэж хорих ялаар шийтгүүлсэн этгээдийн шүүхээс оногдуулсан болон биечлэн эдэлсэн ялын хугацааг харгалзахгүйгээр эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас бүрэн өршөөн хэлтрүүлнэ.

Эдгээр гэмт хэргээс нийт 29 гэмт хэрэг Өршөөлийн хуульд хамруулаагүй аж.

Түүнчлэн хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгүүлсэн этгээдийг гүйцэтгэгдээгүй ялаас өршөөн хэлтрүүлэх бөгөөд хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг захиргааны шийтгэлээс өршөөн хэлтрүүлнэ. Өршөөлийн тухай хуулийг энэ сарын 11-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлжээ.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button