Хот хоорондын тээврийн тоог 672 автобусаар нэмлээ

Автотээврийн үндэсний төвөөс хичээлийн жилтэй холбоотойгоор “Оюутан тээвэр” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулдаг болоод багагүй хугацаа өнгөрлөө. Энэхүү арга хэмжээ нь улс, хот хоорондын ачаа, зорчигч тээвэр, жуулчин тээвэрлэлт эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хяналт тавьдаг. Өөрөөр хэлбэл, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хууль, “Замын хөдөлгөөний дүрэм”, Автотээврийн тухай” хууль болон тэдгээрт нийцүүлэн эрх бүхий байгууллагаас гаргасан нийтлэг мөрдөх дүрэм, журам, стандартын хэрэгжилтийн байдалд хяналт тавьж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж, мэргэжил, аргазүйн зөвөлгөө өгөх, эрсдлийг бууруулах, аюулгүй байдлыг хангуулах зорилготой юм. Тэгвэл энэхүү арга хэмжээ хэрэгжиж эхэлсэн байна. Энэ талаар Авто тээврийн үндэсний төвийн тээвэр зохицуулалтын газрын  дарга Ж.Энхбатаас тодрууллаа.

-“Оюутан тээвэр-2” арга хэмжээг зохион байгуулах гэж байгаа гэсэн. Энэ талаар тодруулаач?

-Автотээврийн үндэсний төвөөс “Оюутан тээвэр-2” арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ сарын 12-ноос эхэлсэн арга хэмжээ ирэх сарын 5-ны өдрийг хүртэл үргэлжлэх болно. 

-Нэгдсэн арга хэмжээтэй хол­боотойгоор нэмэлтээр хэч­нээн тээврийн хэрэг­сэлийг явуулах бол?

-Хөдөө, орон нутгаас ирэх оюутан сурагчид, нийт зорчигчдод зориулан энэ сарын 30-ны өдрийг дуустал үндсэн 1740, нэмэлтээр 672, нийт 2412 тээврийн хэрэгслээр үйлчилнэ. 2015-2016 оны хичээлийн жил эхэлж, оюутан сурагчдын амралт дуусч хөдөө, орон нутгаас нийслэл хотруу зорчих иргэдийн тоо нэмэгдэж байгаа. 

Тиймээс бид хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслүүдийн хүн буюу ачаа тээвэрлэх журам зөрчих, хурд хэтрүүлэх, бүрэн бус тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох зэрэг зөрчлийн илрүүлэлт, шийдвэрлэлтийг сайжруулахыг зорьж байгаа. Түүнчлэн зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэр­гий­лэх, хот хоорондын ний­тийн тээврийн хэрэгслийн хөдөл­гөөнд тавих хяналт, шалгалтыг эрчимжүүлэх зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. 

-Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчил­гээнд явж буй тээврийн хэрэгслүүд ямар шаардлага хангасан байх ёстой вэ?

-Арга хэжээний хүрээнд Замын цагдаагийн газрын Орон нутгийн хурдны замын хяналтын хэлтэс, Орон нутгийн Цагдаагийн газар, хэлтэс, “Автотээврийн үндэсний төв” УТҮГ-ын мэргэжилтнүүд, автотээврийн улсын байцаагч, автовокзалын дарга, менежер, тээвэр зохицуулагч нар ажиллах болно. Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний цагийн хуваарь, ээлжийн жолоочтой эсэхэд хяналт тавьж, зөрчлийг арилгуулах, замын хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй зөрчилтэй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцох болно. 

Түүнчлэн тээвэрлэгч, тээвэрлүүлэгч, зорчигчийн үүргийн биелэлт, автотээврийн хэрэгслийн техникийн хяналт, нийтийн тээвэр эрхлэх үүргийн биелэлтийг хангуулах, хууль бус тээвэрлэлтэд хяналт тавина. Мөн орон нутгийн замд зорчих хэсгийн эвдрэл, гэмтэл, байгалийн болон бусад гамшигт үзэгдлийн талаарх мэдээллийг холбогдох байгууллага, албан тушаалтад мэдэгдэх, энэ талаар жолооч нарт анхааруулга өгөх юм.

 

Монголын мэдээ

Ж.Мягмар

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button