Амралтын өдрүүдэд 171 согтуу жолоочийг саатуулжээ

2015 оны наймдугаар сарын 15, 16-ны өдрүүдийн “Бямба”, “Ням” гарагуудад нийслэлийн хэмжээнд 596 дуудлага, мэдээлэл хүлээн авснаас осол хэргийн шинжтэй 406 дуудлага хүлээн авч, хүн гэмтсэн 24 осол гарч, ослын улмаас 33 хүн гэмтсэн байна.Эд материалын хохиролтой зам тээврийн осол 10 гарсан. Нийслэлд 1, орон нутагт 1 нийт 2 хүн нас барсан. Тухайлбал,  2015 наймдугаар сарын 15-ны 00.50 цагийн үед СБД-15 хороо, Дамбадаржаагийн зам, Сэлбийн гүүрэн дээр амины Toyota Premio автомашины жолооч “А” нь явган зорчигч СБД 15-р хороо, Дамбадаржаад оршин суух “Э” /31н.эр/ мөргөж амь насыг нь хохироосон.

2015 наймдугаар сарын 15-ны 11:00 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумаас зүүн урагш 30км-т Цоорхойн Говь гэдэг газар “Г” жолоочтой мотоцикль онхолдож, жолооч Сүхбаатар аймгийн Баруун Урт сумын 8-р багт оршин суух “Г” /33н.эр/ нас барсан хэргийг шалгаж байна. Дээрх өдрүүдэд замын цагдаагийн алба хаагчид согтууруулах ундааны зүйл уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 171 жолоочийг илрүүлж, гарч болзошгүй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлжээ. Согтууруулах ундааны зүйл уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан жолооч 4, согтуугаар хөдөлгөөнд оролцож гэмтсэн явган зорчигч 2 байна.    

Хүүхэд өртсөн осол 9 гарсны 7 нь сургуулийн өмнөх насны, 2 нь сургуулийн насны хүүхэд байсан ба 6 нь зорчигч, 3 нь явган зорчигч хүүхдүүд байсан байна.  Иймд хүн бүр Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийг биелүүлж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, архинаас үүдэн гарах хор хохирлыг гүнээ ухамсарлах, хурд хэтрүүлэхгүй байх, хамгаалах бүсээ зүүж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох нь жолооч төдийгүй хүн бүрийн чухал үүрэг болоод байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button