Сурагчийн дүрэмт хувцасны үнийг энэ жил зохицуулахгүй

ЕБС-ийн сурагчид 2012-2013 оны хичээлийн жилээс эхлэн 40 хувийн ноос,  60 хувийн полистр материалаар хийгдсэн эдэлгээ сайтай дүрэмт хувцсаар жигдэрч эхэлсэн. Улмаар сурагчийн дүрэмт хувцсыг нийлүүлэх зорилгоор Засгийн газраас 23 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг жижиг дунд үйлдвэрүүдэд олгосон билээ. Харин энэ хичээлийн жилд хэчнээн ширхэг дүрэмт хувцас үйлдвэрлэх талаар болон үнэ өртгийн хувьд ямар байхыг Аж үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлого, зохицуулалтын газрын дарга С.Балжиннямаас тодрууллаа.

 

-Энэ жип хэчнээн ширхэг сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх вэ?

-Энэ жил хэчнээн хүүхэд шинээр сургуульд элсч орох вэ, мөн одоогийн байдлаар ЕБС-д нийт хэдэн хүүхэд суралцаж байгаа талаархи тодорхой мэдээлэл БСШУЯ-нд бий. Манай яамнаас хийсэн судалгаагаар энэ хичээлийн жилд 200 мянга орчим дүрэмт хувцас шинээр үйлдвэрлэнэ гэсэн тооцоо гарсан. Сурагчийн дүрэмт хувцасны чанарын асуудлыг БСШУЯ хариуцаж, манай яам дотоодын үйлдвэрлэгч дээрээ оёулах ажлыг дэмжин ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, оёдлын үйлдвэрүүд чанар, стандарт үнээр өрсөлдөх юм.

 

…Гаалиар нууж оруулж ирсэн тохиолдол бүртгэгдсэн. Тиймээс Аж үйлдвэрийн яамны зүгээс Монгол хонины ноосоор хийсэн даавуугаар дотооддоо сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх ёстой гэсэн техникийн зохицуулалт хийх гэж байгаа…

 

-Үнийн хувьд ямар байх бол. Салбар яамнаас үнийг зохицуулах уу?

 

-Үнэд зохицуулалт хийх ямар ч боломжгүй. Оёдлын үйлдвэрүүд хямд үнээрээ л өрсөлдөнө. Чанар, стандартын шаардлага хангасан дүрэмт хувцсыг хаанаас сонгох нь худалдан авагчийн сонголт учраас төрөөс зохицуулалт хийх боломжгүй. Харин үйлдвэрлэгчдийн хувьд өрсөлдөөн чөлөөтэй.

 

-Сурагчийн дүрэмт хувцасны хэрэгцээг дотоодын үйлдвэрүүд бүрэн хангах боломжтой юу. Одоогоор хэдэн үйлдвэр сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэж байна вэ?

-Маш олон оёдлын үйлдвэр бий. Дотоодын үйлдвэрүүд 200 мянгаас ч илүүг үйлдвэрлэх бүрэн хүчин чадалтай.

 

-Сурагчийн дүрэмт хувцсыг үнэтэй боловч чанаргүй гэх гомдол өнгөрсөн жилүүдэд эцэг, эхчүүдийн зүгээс гарч байсан. Энэ жил чанар, сгандартад салбар яамнаас хэрхэн хяналт тавих вэ?

 

-Сурагчийн дүрэмт хувцасны загвар, материалыг баталсан стандарт бий. Түүнийг мөрдүүлж ажиллах, хяналт тавих нь МХЕГ- ын хийх ажил. Манай яамнаас дотоодын үйлдвэрүүдээр үйлдвэрлүүлэх тал дээр бодлого барьж ажиллана. Ирэх жилээс дотооддоо үйлдвэрлэх тал дээр томоохон арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Учир нь БНХАУ-д үйлдвэрлэсэн дүрэмт хувцас борлуулж байгаа асуудал цөөнгүй гарч байгаа. Тиймээс үүнийг хязгаарлах тал дээр бодлого барьж ажиллана.

 

-Хэдий хэмжээний дүрэмт хувцас Хятад улсад үйлдвэрлэн оруулж ирсэн талаар мэдээлэл бий юу. Энэ зөрчлийг арилгахын тулд яамнаас ямар арга хэмжээ авах вэ?

 

-Гаалиар нууж оруулж ирсэн тохиолдол бүртгэгдсэн. Тиймээс Аж үйлдвэрийн яамны зүгээс Монгол хонины ноосоор хийсэн даавуугаар дотооддоо сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх ёстой гэсэн техникийн зохицуулалт хийх гэж байгаа. Монгол хонины ноосоор хийсэн даавуугаар сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх бүрэн боломжтой болсон.

 

Монголын мэдээ

Ж.Отгон

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button