Аль Сисигийн ээлжит нүүдэл

-Египет терроризмын эсрэг маш чанга хууль баталлаа- 

 

Лалын хэт даврах үзэл газар авч, хүн төрхөлхтний эсрэг гэмт хэрэг хэрээс хэтэрч байгаатай холбогдуулан Египетийн ерөнхийлөгч Абдель Фаттах аль-Сиси Алан хядлагатай тэмцэх шинэ хуулийг дэмжин баталжээ. Энэхүү хууль нь өмнөх хуулиудаас маш чанга хатуу заалттайгаараа онцлогтой юм байна.

Шинэ хуульд энэ төрлийн гэмт хэргийг шүүх тусгай шүүх байгуулахаар заасан бөгөөд цагдаа, цэргийн албан хаагчид илүү эрх дархтай болж, хууль эрхзүйн хувьд нэмэлт хамгаалалттай болох аж. Өөрөөр хэлбэл, халдлага үйлдээд баригдсан болон алан хядагч байгууллагын гишүүн гэдгээ хүлээн зөвшөөрсөн этгээдийг цаазаар авах эрх эдлэх юм. 

Египет нь сүүлийн хоёр жилийн туршид лалын хэт даврагч бүлэглэлүүдийн гол бай болж, тоймгүй олон халдлагад өртсөн нь ийнхүү алан хядлагатай өршөөлгүй тэмцэх шинэ хуулийн төсөл боловсруулахад хүргэжээ. Эдгээр халдлагуудын ихэнх нь Ерөнхийлөгч Аль Сисиг түлхэн унагаж, төрийн эргэлт хийх зорилготой байсан нь мөн хууль батлахад нөлөөлсөн хэмээн олон улсын ажиглагчид бичиж байна. Өнгөрсөн зургадугаар сард тус улсын Ерөнхий прокурорын машинд бөмбөг тавьж, амь насыг нь хөнөөсний дараа Ерөнхийлөгч Аль Сиси “Алан хядагчдад өршөөлгүй шинэ хуулийн төсөл боловсруулах болно” хэмээн амалж байсандаа ийнхүү хүрчээ.  

Хууль батлагдсан даруйдаа буюу өчигдрөөс хэрэгжиж эхэлсэн. Одоо Египетэд энэ төрлийн гэмт хэрэгт буруутгагдсан этгээдийг тусгай шүүхэд нэн даруй шилжүүлж, бушуухан ялыг нь оноогоод үтэр түргэн гүйцэтгэх “хурдавчилсан” тогтолцоо ажиллаж эхэлж байна. Мөн алан хядагчидтай ямар нэг байдлаар холбогдох л юм бол 10 жилээр шоронд хорьж шийтгэхээр болж байна.  

Алан хядагч байгууллагыг санхүүжүүлэх юм бол бүх насаар нь /Египетийн Эрүүгийн хуульд хамгийн удаан хугацаагаар хорих ял нь 25 жил байдаг/ хорино. Аллага хядлагыг сурталчилсан цахим хуудас үүсгэсэн, тэрхүү хуудсыг нь алан хядагч байгууллагууд хоорондоо мэдээлэл солилцох зорилгоор ашиглаж байсан нь тогтоогдвол 5-7 жил хорих ял шийтгэхээр шинэ хуульд заажээ.

Хуульд мөн алан хядагчдын үйл ажиллагааг сурталчилсан сэтгүүлчид 25 000 ам.долларын торгууль ногдуулах заалт оржээ. Дашрамд дурьдахад, энэ нь шинэ хуульд орсон цорын ганц торгох шийтгэл аж. 

Алан хядах гэмт хэрэгт сэжиглэгдсэн этгээдийн шүүх хурлыг маш хурдан хугацаанд явуулдаг, мөн шууд холон жилээр хорих, цаазаар авахаас өөр ял шийтгэлгүй, хууль сахиулах байгууллагын ажилтнуудын эрх мэдлийг эрс нэмэгдүүлсэн гэх зэргээр шинэ хуулийг шүүмжлэгчид ч олноор гарч иржээ. Гадаад ертөнц ч энэхүү хуулийг учир дутагдалтай болсон хэмээн эрс зэмлэн буруушааж байна. Харин хууль батлагчид “Сүүлийн хоёр жилийн хугацаанд цагдаа, цэргийн маш олон албан хаагч алан хядагчдын гарт амиа алдсан” хэмээн өөрсдийн шийдвэрийг зөвтгөж байгаа юм.    

Египетчүүдийн үзэж байгаагаар, Аль Сисигийн үед төр засгаас ирэх дарамт  М.Мурсиг Ерөнхийлөгч байх үеийнхээс ч нэмэгджээ. Халдлага дайралтууд ч нэмэгдсэн гэнэ. Энэ нь Аль Сиси армийн командлагч болсныхоо дараа “Лалын ахан дүүс” байгууллагыг алан хядагч байгууллага хэмээн зарлаж, дэмжигчдийг нь олон мянгаар нь баривчлан цаазлан хороох болон хорих ял шийтгэсэн, Ерөнхийлөгч асан М.Мурсиг ч мөн цаазаар авах ял оноосонтой холбоотой хэмээн тэд үзэж буй юм. Учир нь “Лалын ахан дүүс” байгууллага нь Х.Мубаракийг унасны дараа улс төрийн үйл ажиллагаа явуулж, Парламентын сонгуульд хамгийн олон суудал аван египетчүүдийн итгэлийг хүлээж байсан юм. Ийм олон дэмжигчтэй намыг арчин хаях гэж ил цагаан оролдсон нь Аль Сисиг эсэргүүцэх хөдөлгөөн хүчээ авахад хамгийн их нөлөөлсөн гэж дүгнэх ажиглагчид болон байгаа юм. 

Аблельфаттах Аль Сиси энэ оны хоёрдугаар сард Аллага хядлагатай тэмцэх хуулийг мөн илүү хатуу болгон боловсруулж, баталж байсан бөгөөд түүндээ үндэстний эв нэгдлийг алдагдуулах, олон нийтийг эмх замбараагүй байдалд уриалан дуудах зэрэг зүйл заалтыг оруулсан бөгөөд үүнээс болж олон мянган иргэнээ баривчлан хорих ял шийтгэж байсан юм.  

 

Монголын мэдээ

Х.Батсайхан

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button