Ли Кэцян Тяньжины хохирогчидтой уулзлаа

-Хохирогчдын ар гэрийнхэн дэлбэрсэн агуулахад ямар бодис хадгалагдаж байсныг мэдэхийг хүсч байна-

БНХАУ-ын Тяньжин боомтод энэ сарын 12-ны өдөр дэлбэрэлт болж, гал түймэр дэгдсэний улмаас өнгөрсөн бямба гарагт химийн бодистой чингэлгүүд дэлбэрсэн билээ. Энэхүү ослын улмаас 112 хүн амиа алдаж, 700 гаруй хүн гэмтэж, шархдаад байгаа юм. Гэмтсэн хүмүүсийн 25 нь биеийн байдал маш хүнд хэвтэн эмчлүүлж байгаа юм. Тус улсын Ерөнхий сайд Ли Кэцян өчигдөр ослын газар ажиллаж, хохирсон иргэдтэй биечлэн уулзалт хийжээ. 

Тэрбээр ослын газар үүрэг гүйцэтгэсэн аврагчид­тай уулзаж ярилцан, байгаль орчны үнэлгээний мэргэжилт­нүүдийн анхан шатны дүгнэлттэй танилцсан бай­на. Greenpeace байгууллагын мэдээлснээр, дэлбэрэлт болсон бүсэд химийн бодисын алдагдал, тархалт ноцтой хэмжээнд хүрээгүй байгаа гэнэ. Энэ нь дэлбэрэлт болсны дараа хим­ийн бодистой чингэлгүүдийг боломжоороо зөөж холд­уул­сантай холбоотой гэнэ. Мөн дэлбэрэлт болсон агуулахаас гурван километрийн радиусаас иргэдийг нүүлгэн шилжүүлжээ. Гэсэн ч байдал түгшүүртэй хэвээр байгаа учир төрийн зүгээс ослын газрын талаар таамаг мэдээлэл, худал цуурхал бичсэн хэдэн мянган сайтыг хаагаад байгаа аж.  

Олон тонн цианид хадгалагдаж байжээ

Ослоос болж 95 хүн сураггүй алга болсны ихэнх нь гал сөнөөгчид байгаа талаар олон нийт мэдэж байгаа. Энэ нь элдэв таамгийг иргэдийн дунд тархахад хүргээд байна. Өөрөөр хэлбэл, дэлбэрсэн химийн бодиснуудын дунд маш хортой олон бодис байснаас болж тэнд ажиллаж байсан гал сөнөөгчид амиа алдсан байж болзошгүй гэсэн таамаг хүчтэй явж байгаа юм. Сураггүй бологсдын ар гэрийнхэн албан ёсны хэвлэлийн бага хурал хийгдэж байсан танхимын гадаа жагсан эсэргүүцлээ илэрхийлсэн. 

Тэд эрх баригчдыг дэлбэрсэн чингэлгүүдэд чухам ямар бодисууд хадгалагдаж байсан талаарх мэдээллийг нуун дарагдуулж байна хэмээн буруутгаж, ил тод мэдээллээр хангахыг шаардаж байгаа юм. Мөн орон гэргүй болсон иргэд тэдэнтэй нэгдэж, нөхөн төлбөр олгохыг шаардаж байна. Дэлбэрэлт дэндүү хүчтэй байсан гэдэг нь долоон метр гүнзгий нүх үүсгэж тэсэрснээс тод харагдана. Бээжингийн цэргийн тойргийн орлогч дарга Ши Луцзэгийн хэлснээр, амиа алдсан иргэдийн ихэнхийг нь таних боломжгүй бөгөөд сураггүй болсон иргэдийг ч амьд олох найдлага бага юм байна. 

Чингэлгүүдэд чухам юу байсан талаарх албан ёсны мэдэгдлүүдэд цианит натрийн талаар огт дурьдагдахгүй байсан. Тэгвэл цианит натри байсан гэдгийг Ши Луцзэ анх удаа албан ёсоор баталж мэдэгдэл хийжээ. Түүнийхээр агуулахад хэдэн зуун тонн ийм бодис хадгалагдаж байсан гэнэ. 

Монголын мэдээ

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button