Х.Цагаанбаатар 66-д эргэн ирж, Д.Амартүвшин дэлхийн аваргыг өнжинө

Казахстаны нийслэл Астана хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ болох билээ. Энэ сарын 24-30-ны хооронд болох энэхүү тэмцээнд дэлхийн 129 орны эрэгтэй 490, эмэгтэй 326 тамирчин оролцох юм. Эрэгтэй, эмэгтэй тус бүр долоо жинд зохигдох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлт энэ сарын 24-нд болох учиртай. Тэгвэл өчигдөр манай улс ДАШТ-нд оролцох тамирчдаа албан ёсоор зарлалаа.  

Энэ удаагийн дэлхийн аваргыг нэг шилдэг тамирчин өнжиж байгаа нь Д.Амартүвшин. Тэрбээр энэ жил тун ч сайн байж улсын аварга болоод “Чингис хаан” Гран прид түрүүлсэн. Гэвч жүдогийн холбооныхон ярилцаж байгаад  60 кг-ын жинд өнгөрсөн жилийн дэлхийн аварга Г.Болдбаатар болон Залуучуудын дэлхийн аваргын мөнгөн медальт Ц.Цогтбаатар нарыг явуулахаар болсон байна. Бодвол Ц.Цогтбаатарын ирээдүйг бодож, эртнээс том тэмцээний утаа үнэрлүүлэхээр шийдсэн бололтой.  Мөн нэг сонирхолтой зүйл гарсан нь Х.Цагаанбаатар 66 кг-д эргэн ирж байгаа явдал. 

Энэ жинд сүүлийн хэдэн жил Д.Төмөрхүлэг тун ч сайн барилдаж байгаа. Олимп болон дэлхийн аваргаас бусад тэмцээнээс медаль хүртсэн. Өнгөрсөн жил Хятадын бөхөд тун харамсалтай ялагдаж байсан манай шилдэг тамирчин өнөө жил медальд хүрэх магадлал өндөр байгаа. Мөн 66 кг-ын жингийн “гэнэтийн бэлэг” нь Х.Цагаанбаатар гавьяат байх нь. Тэрбээр сүүлийн хэдэн жил 73 кг-д барилдаж байсан ч ийн хуучин жиндээ эргэж ирлээ. Түүнийг 66 кг-д хэрхэн барилдахыг Астанад харж болох нь.  Түүнээс гадна Астанагийн дэвжээнээс нэг зүйлийг харж, хүсч хүлээж байгаа нь Н.Түвшинбаяр аваргын медаль авах. Тэрбээр хоёр олимпийн наадам дараалан аваргын төлөө барилдаж, алт, мөнгөн медаль хүртээд байгаа ч дэлхийн аварга од муутай барилддаг.  Тийм болохоор энэ жил Астанагаас медаль аваасай гэж бөхөд хайртай бүх хүмүүс харж байгаа байх.  

 

Тэгвэл +100 кг-д манайх бөх барилдуулахгүйгээр шийджээ. Учир нь 60, 66, 73 кг-ын жинд гурван бөх сойж байгаа. Энэ нь Дэлхийн аваргын амжилтаа ахиулж, илүү олон медаль хүртэх зорилт тавьж байгаатай холбоотой юм байна.  Эмэгтэйчүүдийн хувьд 48 кг-д М.Уранцэцэг аварга барилдана. Хоёр жилийн өмнө Рио-д аварга болсон тэрбээр сүүлийн жилүүдэд оролцсон тэмцээн болгоноосоо медаль авч байгаа. 

Тэр дундаа түрүүлж байгаа жингийнхээ чансааг тэргүүлж байгаа юм. Тийм болохоор түүнийг медаль авна гэж олон бөх сонирхогчид харж байгаа биз. Мөн 63 кг-д барилдах Ц.Мөнхзаяад ч медаль хүртэх боломж бүрэн байна. Энэ удаад эмэгтэйчүүдээс 70 кг-ын жинд бөх сойгоогүй. Бас л медаль хүртэх боломжтой жингүүддээ хоёр хоёр бөх явуулж, амжилтаа ахиулахыг эрмэлзэж байгаа аж. Жүдогийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням багш “Бид энэ жил өмнөх жилийн амжилтаа бататгах, цаашлаад ахиулах зорилготой оролцож байгаа” хэмээн хэлсэн юм. Тиймдээ ч  медаль хүртэх боломжтой жиндээ хүн нэмж авч явж байгаа юм байна. 

ДАШТ-д оролцох Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн

60 кг /Эр/ Г.Болдбаатар, Ц.Цогтбаатар

66 кг /Эр/ Д.Төмөрхүлэг, Х.Цагаанбаатар

73 кг /Эр/ С.Ням-Очир, Г.Одбаяр

81 кг /Эр/ Н.Дагвасүрэн

90 кг /Эр/ Л.Отгонбаатар

-100 кг /Эр/ Н.Түвшинбаяр

48 кг /Эм/ М.Уранцэцэг

52 кг /Эм/ М.Бундмаа, А.Цолмон

57 кг /Эм/ Д.Сумъяа,  А.Батзул

63 кг /Эм/ Ц.Мөнхзаяа, Ц.Цэрэннадмид

-78 кг /Эм/ П.Лхамдэгд

78 кг /Эм/ О.Жавзмаа

Багийн барилдааны бүрлдэхүүнд дараах тамирчид нэмэгдэнэ

Б.Тэмүүлэн /100 кг/

О.Ууганбаяр /81 кг/

Б.Мөнхтуяа /78 кг/

Дасгалжуулагчид:

О.Балжинням, Д.Баттулга, Г.Дашдаваа, Х.Эрдэнэт-Од, Ш.Цэвэлмаа

Монголын мэдээ

Н.Пунцагболд 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button