Хандив авч бүртгэсэн цэцэрлэгүүдэд торгуулийн арга хэмжээ авна

Ирэх долоо хоногт сургууль цэцэрлэгийн бүртгэл эхэлнэ. Сүүлийн жилүүдэд хүүхдүүдээ  цэцэрлэгт бүртгүүлэх гэсэн иргэд цэцэрлэгийн гадаа дугаарлан хонох болсон. Тэгвэл энэ жил цэцэрлэгийн бүртгэлийн ажлыг хэрхэн зохион байгуулж байгаа талаар Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбаганаас тодрууллаа.

-Энэ жил төрийн болон төрийн өмчийн бус хэчнээн цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулах вэ?

-Өнгөрсөн хичээлийн жилд нийслэлийн төрийн өмчийн 189, төрийн бус өмчийн 314 нийт 503 цэцэрлэгт 83575 хүхэд хамрагдсан. Энэ хичээлийн жилд урьдчилсан байдлаар төрийн өмчийн 233, хичээлийн жилийн эхэнд 32, ондоо багтаж 11 бага сургууль цэцэрлэгийн цогцолбор, цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орно, төрийн бус өмчийн 399 нийт 630 гаруй цэцэрлэгт 91687 хүүхэд элсэх төлөвтэй байна. 

-Бүртгэлийн ажил ямар журмаар явагдах вэ?

-Жил бүр цэцэрлэгийн элсэлтийг наймдугаар сарын 20-оос хойш зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил ч мөн адил цэцэрлэгийн бүртгэлийг энэ сарын 24-28-ны өдрүүдэд явуулна. Бүртгэлийн явцад эцэг эхчүүдээс ямар нэгэн төлбөр, хураамж авахгүй бөгөөд зөвхөн оршин суугаа хаягийн тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээ, эцэг эхийн иргэний үнэмлэх шаардлагатай. Мөн цэцэрлэгийн эрхлэгч, багш нар зөвхөн хамрах сургах тойргийн хүүхдүүдийг бүртгэж авна. 

Гэтэл эцэг, эхчүүд өөрсдөө зохион байгуулалтад ороод урт дараалал үүсгэх, хонох, дараалалдаа хонож чадахгүй байгаа хүмүүсээс мөнгө төгрөг авдаг гэсэн асуулт гаргадаг. Өөрсдөө ийм байдал бий болгочихоод төрийн байгууллагад буюу цэцэрлэгийн элсэлтийг зохион байгуулах комисст тулгах зэрэг асуудал гардаг. Гэхдээ энэ нь бүх цэцэрлэг дээр гардаг зүйл биш. Тодорхой тооны цэцэрлэг, эцэг, эхчүүд ийм асуудал үүсгэдэг. Тиймээс албан ёсны бүртгэл эхэлсэн өдрөөс эмх цэгцтэйгээр хүүхдээ бүртгүүлэх хэрэгтэй. 

-Хүүхдээ цэцэрлэгт элссэний дараа эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах уу?

-Хүүхдийн шээсний, цагаан хорхойны шинжилгээний ту­хайд энэ сарын 22-оос эхэл­нэ. Цэцэрлэгт албан ёс­оор бүртгүүлж, баттай орох­оор болсон хүүхдүүд ес­дүгээр сарын 01  гэхэд  шинжил­гээн­ий хариугаа тухайн цэцэрлэгтээ бариад, очиж болох зохицуулалтыг хий­сэн. Шинжилгээг зөвхөн улс­ын эмнэлгүүдэд авахгүй лаборатор­ийн үзлэг, шинжилгээ хийх эрхтэй бүх эмнэлгийн хариуг хүлээн зөвшөөрөх болно.

-Бүртгэл явж байх хугацаанд цэцэрлэгүүдэд олон зөрчлүүд гардаг.Тухайлбал, харьяа бус хүүхдийг мөнгө авч оруулах зэрэг хууль бус үйлдлүүдэд ямар хариуцлага тооцох вэ?

-Цэцэрлэгийн бүртгэлийн явцад хандив нэрийдлээр бэлэн болон бэлэн бусаар эцэг эхээс төлбөр авахыг хориглож, мөн шинээр цэцэрлэгт хамрагдаж байгаа харьяалалгүй хүүхдийг авахгүй байхыг сануулсан. Хэрэв бүртгэлийн явцад ямар нэгэн хууль бус үйлдэл гарвал дүүргийн Боловсролын газар, НБГ-т иргэд гомдол гаргаж болох юм. Хэрвээ ямар нэг хууль бус зөрчил гарвал цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж, торгууль тооцох болно. Гэхдээ эцэг эхчүүд бүртгэлийн ажиллагаа эхлээгүй байхад хүндрэл учруулж эхэлсэн. 

Тодруулбал өнгөрсөн долдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн Баянзүрх дүүргийн 168, гуравдугаар цэцэрлэгийн гадна аав, ээжүүд дугаарлаж эхэлсэн. Ингэхдээ өөрсдөө нэрсийн дарааллаар бүртгэл бичиж, үүний дагуу бүртгэ гэсэн шаардлагыг цэцэрлэгүүдийн удирдлагуудад тавьсан. Гэвч дээрх бүртгэл бичиж, дугаарлаж буй иргэдийн дунд цэцэрлэгийн насны хүүхэдгүй, харьяалалын биш хүмүүс байсан энэ мэтээр эмх замбараагүй байдал гаргаж болохгүй. Тиймээс ч энэ жил ачаалал ихтэй хэд хэдэн цэцэрлэгт "Элсэлтийн тасалбар" тараах журмаар бүртгэлийг явуулахаар болсон. Өнгөрсөн жил элсэлтийн тасалбар тараах бүртгэлийг Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт туршиж байсан нь үр дүнтэй гэж үзэж байгаа.

 

Монголын мэдээ

Ж.Отгонмягмар

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button