Нийтийн тээврийн шинэчлэл нэг л биш ээ

Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулж, цахим картаар үйлчлүүлдэг болгох ажил нээлтээ хийгээд нэлээд хэд хонож байна. Харин энэ хооронд иргэд энэ шинэчлэлтэй хөл нийлүүлж чадахгүй, бухимдацгааж байна. Ямарваа нэг томоохон ажил мэдээж хүн бүрд таалагдах албагүй. Угаас хичнээн сайн ажил байсан ч  шүүмжлэгчид байдаг. Нийтийн тээврийн энэ ажлыг яг ингэж харахыг хүссэн ч өнөөдөр байдал  арай өөр байна. 

Хотынхны хийж буй   шинэчлэл ядарсан хэдэн ардынхаа халаасыг хоослох ажил болж хувирав. Тодруулбал нийтийн тээврийг богино эргэлтээр явуулдаг болсон нь ёстой л нэг маш хурдан аргаар иргэдийн халаасыг хоосолж байна. Өмнө нь нэг автобусаар яваад хүрдэг байсан газартаа өдгөө хоёр дамжиж байна. Харин хоёр дамждаг байсан арай зайтай газартаа гурваас дөрөв дамжин хүрдэг болсон нь иргэдэд үнэхээр хүнд тусаж байгааг тэд учирлаж байна. Ингээд иргэд сарын цалингаа буухаас өмнө автобусны мөнгөндөө дарлуулж дуусах юм байна. Ийм байтал ажил хийгээд ч нэмэр алга хэмээн халаглацгааж байна.  Богино эргэлтийн тухайд асуудал ийм байгаа бол ухаалаг карт уншуулдаг ажил ч мөн л ахиц дэвшил харагдахгүй байна. 

Одоо ч яах вэ оюутан сурагчдын амралт  болж байна.  Хотын иргэдийн дийлэнх нь мөн л зуны амралтаа аваад хөдөө орон нутгийг зорьсон байгаа. Энэ үед цөөн зорчигчтой автобусны жолооч бууж, сууж байгаа үйлчлүүлэгчдийг хэн нь картаа уншуулж, хэн нь мөнгөө хийж байгааг хянаж байна. Харин  ирэх сарын 1-ээс буюу хичээлийн шинэ жил эхлээд ачаалал нэмэгдээд ирэхээр  энэ бүхэн нь хяналтаас гарах төлөв ажиглагдаж байна. Хэдийгээр кондукторуудыг хянагчаар нэг хэсэгтээ ажиллуулна гэж байгаа ч суух үед урт дараалал үүсэж нэг бүрчлэн картаа уншуулах үед хажуугаар бэлэн мөнгөөрөө зорчих иргэд төлөхгүй өнгөрөх боломж бүрдэх юм. Өөрөөр хэлбэл ид ачаалал нэмэгдэхтэй зэрэгцээд  туулайчилж явдаг хүмүүсийн тоо ихсэх нь ойлгомжтой байна. 

Хотын удирдлагууд үүнийг мэдээд ирэх сарын 1-ээс заавал ухаалаг карт авч үйлчлүүл үгүй бол  бэлэн мөнгөөр зорчих үнийг 1000 төгрөг болгож, нэмэгдүүлнэ хэмээж байгаа. Энэ нь мэдээж иргэдийг санхүүгээр дарамталж буй хэрэг. Өөрсдөө шинэчлэлийн ажлаа эхлүүлэхдээ л хоёр сонголтыг иргэдэд өгчихөөд одоо болохоор заавал карт авч, хэрэглэх сонголт хий хэмээн тулгаж байгаа нь ардчиллын үнэт зүйлтэй нийцэхгүй мэт. 

Ямартай  ч нийтийн тээврийн шинэчлэлийн ажил эхлээд нэлээдгүй хэд хонож байхад иргэдийн зүгээс сайшаахаасаа илүү саараар  ярих нь элбэг байна. Тиймээс асуудал юунд байгааг хотын удирдлагууд эргэн нэг харж, засаж залруулах зүйлээ хийсэн нь дээр болов уу.

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button