Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиад нээлтээ хийлээ

Монгол Улсад Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиад анх удаа зохион байгуулагдаж байна. Энэхүү тэмцээний нээлтийн үйл ажиллагаа өчигдөр “Хүннү молл” цогцолборт боллоо. Уг тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Олон улсын шатрын холбооны ерөнхийлөгч Кирсан Илюмжинов, Монголын шатрын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Я.Санжмятав, Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба, Боловсрол соёл шинжлэх ухааны дэд сайд Б.Тулга тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцлоо.

Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиадыг  УИХ-ын гишүүн, Монголын шатрын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Я.Санжмятав нээж үг хэлсэн юм. Тэрээр уг тэмцээнийг Монголд зохион байгуулах Ерөнхий хорооны даргаар ажиллажээ.

Монголын шатрын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Я.Санжмятав нээлтийн үйл ажиллагааны үеэр хэлэхдээ “Завханд зохион байгуулсан тэрхүү тэмцээн нь Олон улсын шатрын холбоонд үнэлэгдэж Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиадыг зохион байгуулах эрхийг авахад чухал нөлөө үзүүлсэн. Мөн Отгонтэнгэр хайрханы дэргэд ярилцсан эрчүүдийн яриа өнөөдөр ажил хэрэг болж байгаад баяртай байна” гэлээ.

Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиадыг нээж Завхан аймгаас ирсэн 21 морин хуурч хөг аялгуугаа эгшиглүүлж, тэмцээнд оролцохоор ирсэн хүүхэд бүрт монгол үндэсний өв уламжлалыг харуулсан морин хуур бэлэглэсэн нь зочид төлөөлөгч, баг тамирчдад өндөр сэтгэгдэл төрүүлж байв. Мөн Монголын шатрын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Я.Санжмятав нээлтийн үйл ажиллагааны үеэр өнгөрсөн жил Завханд зохион байгуулсан тэмцээнд оролцсон 10182 хүүхдийг Дэлхийн шатрын холбооны цахим архивт овог нэр, зурагтайгаа хадгалагдсан гэдгийг дуулгасан юм. Энэ сарын 19-29 хооронд зохион байгуулагдах Өсвөрийн шатарчдын олимпиадын үеэр эдгээр 10182 хүүхэд Дэлхийн шатрын холбоонд гишүүнээр элсэнэ гэдгийг тодотгож хэлсэн юм. Мөн тэрээр баг тамирчдад Монгол Улсын Ерөнхийлөгч болон УИХ-ын нэрийн өмнөөс тэмцээндээ амжилттай оролцохыг хүслээ.

Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиад нь Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний дараа орох Дэлхийн шатрын холбоонд харьяалагддаг томоохон тэмцээн юм. Энэхүү олимпиад нь 16-аас доош насны өсвөрийн шатарчид дөрөв, дөрвүүлээ болж багаар өрсөлддөг онцлогтой юм. Манай улсаас нийт арван баг оролцохоор бэлтгэл сургуулилтаа базааж байгаа аж.

Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиадад дэлхийн 23 орноос баг тамирчид оролцохоор иржээ. Хятад, Унгар, Энэтхэг, Орос, Өмнөд Солонгос, Америк, Канад гээд дэлхийн төвшний том багууд оролцож байгаа учраас өрсөлдөөн ширүүн явагдахаар харагдаж байгааг зохион байгуулагчид энэ үеэр хэлэв.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button