Их, дээд сургуулиудыг сургалтын төлбөрөө 10 хувиар багасгахыг үүрэгдлээ

Их, дээд сургуулиуд жилийн жилд сургалтын төлбөрөө нэмдэг нь зуршил болоод буй. Төлбөрөө нэмлээ гээд сургалтын орчин чанарт нэг их өөрчлөлт гардаггүй нь нууц биш ээ. Иймээс Монголын оюутны холбооноос "их дээд сургуулиудад төлбөр нэмсэн шалтгаанаа тайлбарлахыг шаардан, жагсаал цуглаан хийгээд байгаа билээ.
Тэгвэл энэ асуудал БСШУ-ны сайдын чихэнд хүрсэн аж. Иймээс БСШУ-ны сайд Л.Гантөмөр их дээд сургуулиудын төлбөрийн хэт үндэслэлгүй нэмэгдлийг эргэн харж сургалтын төлбөрийг багасган 10 хувиар бууруулах чиглэлийг их сургуулиудын захиргаанд өгсөн байна.
Тодруулбал, БСШУ-ны сайд Л.Гантөмөр сургалтын төлбөрөө 20-40 хувь нэмэгдүүлээд буй МУИС, АШУҮИХ-иудын удирдах зөвлөлд төлбөрөө 10 хувиар бууруулах үүрэг өглөө. Дээд боловсрлын тухай хуулиар бол салбарын сайд сургалтын төлбөрт шууд нөлөөлөх боломжгүй. Гэхдээ улс орны эдийн засгийн байдал хүндэрсэн энэ нөхцөлд эцэг, эх олон нийтээс төлбөрийг бууруулж өгөөч гэсэн хүсэлт их ирж байгаатай холбогдуулан дээрх чигийг өгөөд байна. Төлбөрийг бууруулахдаа аль нэг хөрөнгө оруулалтаа зогсоох зэргээр тэвчиж болох зардлаа танахыг үүрэгдсэн байна. Одоогийн нөхцөл байдлаар МУИС-ийн хууль зүйн сургууль, бизнесийн сургууль, олон улсын харилцааны сургуулиуд нэгдүгээр курсийн оюутны төлбөрийг 30-40 хувь, 2-4 дүгээр курсийн төлбөрийг 12 хувиар нэмэгдүүлээд байгаа юм. АШУҮИС-ийн хувьд нэгдүгээр курсийн оюутны төлбөр 20-30 хувиар, 2-оос дээш курсын төлбөр 11 хувиар нэмсэн. Аль хөрөнгө оруулалтаа зогсоож, ямар зардлаа тэвчиж төлбөрийн хувиа буулгах вэ гэдэг эцсийн шийдвэрийг сургуулиудын удирдах зөвлөл гаргах юм.
Г.Уянга
olloo.mn