Нийтийн тээврийн шинэчлэлд иргэд байр сууриа илэрхийлж байна

Нийтийн тээврийн салбарт 8-р сарын 15-наас эхлэн хэд хэдэн томоохон шинэчлэлт хийгдэж эхэлсэн. Тухайлбал, зарим автобусны чиглэл өөрчлөгдөж, богино эргэлттэй болохоос гадна кондукторгүй цахим төлбөрийн системд шилжсэн. Нэг үгээр, нийтийн тээврийнхэн шинэчлэлийг жинхэнэ утгаар нь хийж ,парк шинэчлэлтийг эхлүүлсэн нь тус салбарт сүүлийн 50 жил хийгдээгүй маш том өөрчлөлт болсон юм.  

Тодруулбал, смарт буюу ухаалаг цахим төлбөрийн картад шилжсэнээр автобус компаниудын хувьд жолооч кондуктор зорчигчдын өгсөн мөнгийг шамшигдуулдаг явдлыг арилгаж улмаар хийгдсэн бүх төлбөрийг бүрэн авах боломжтой болсон. Нөгөө талаар иргэдийн хувьд илүү боловсронгуй, илүү ач холбогдолтой төлбөрийн систем ашиглах явдал. Харин төрийн хувьд гэвэл тухайн автобус компанийн хичнээн автобус бодитоор үйлчилгээ үзүүлж хичнээн ахмад настан, хичнээн цагдаа, хэдэн оюутан, хэдэн сурагчид үйлчилсэн бэ гэдэг тоог хянах бүрэн боломжтой болж байна. Мөн нийтийн тээврийн салбарт хийгдсэн нэг шинэчлэлийн ажил нь шугамыг богино болгосон явдал. Ингэснээр хотын төвд вагон шиг цуварч зогсох, нэг хоёрдугаар эгнээнд давхарлаж зогсож улмаар түгжрэл үүсгэдэг явдал арилах юм. Үүнээс гадна иргэдийн хувьд зорчих хугацаа хурдан болж, хугацаа хэмнэх юм. 

Үүнээс харахад энэхүү парк шинэчлэл нь нийтийн тээврийн дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлж буй ололттойгоос гадна нийтийн тээврийнхэндээ олон давуу тал , эерэг зүйлийг авчирч буй. Гэвч зарим иргэдийн хувьд энэхүү шинэчлэл нь тун таагүй сэтгэгдэл төрүүлж байгаа аж. 

Өөрөөр хэлбэл, зарим иргэдийн хувьд нэг удаагийн төлөлт хийгээд явдаг байсан шугам нь хоёр ба гурван удаагийн дамжилт хийдэг болчихсон учир ихэд таагүй хүлээн авч байна. 

Иргэн Г.Жамъяандорж: Үнээ буулга

-Манайх толгойтод байдаг. Иргэн бүр карт авч  нийтийн тээврээр үйлчлүүлэх ёстой гэсэн болохоор картаа аль эрт авсан. Өглөө ажилдаа ирэх гэж дор хаяж хоёр автобус дамжиж байна. Өмнө нь нэг автобусаараа л шууд явчихдаг байсан. Энэ нийтийн тээврийн богино эргэлт нь иргэдийг шулсан үйлчилгээ. Тооцоод үзэхээр миний хамаг цалин автобусандаа явах юм шиг байна. Өмнө нь би өглөө 500 төгрөг, орой харихдаа 500 төгрөг нийлээд 1000 төгрөгөөр зорчдог байсан бол одоо 2 дамждагаас болоод автобусанд өдөрт 2000 төгрөг зарцуулах болчихоод байна. Тэгэхээр нэг гэрээс хоёр хүн нь ингэж автобусаар явлаа гэхэд өдрийн 4000 төгрөг. Сараар нь тооцоод үзэхээр өндөр тоо гарч байна. Үүнд яаж дургүйлхэхгүй байх билээ. Яахав, автобус кондукторгүй болоод, тэдний зардал багасаад болж л байгаа байх. Харин автобусны жинхэнэ үйлчлүүлэгч бидэнд нэг л таалагдахгүй байна. Ядаж богино эргэлттэй болгосон бол, үнэхээр иргэдээ бодож байгаа бол автобусны тасалбарын үнийг буулгасан болох юм биш үү. 

Иргэн Т.Адъяа: 500 төгрөгөө төлөөд явж байя

-Би хөдөөнөөс орж ирээд удаагүй байна. Автобусны үйлчилгээний шинэчлэлийн талаар зурагтаар сонсож байсан. Хүүхэд маань оюутан болж ирж байгаа болохоор түүнийгээ Их сургуульд оруулчих санаатай ирсэн. Одоохондоо тэр карт энэ тэрийг нь аваагүй. Бэлэн мөнгөөр хайрцганд нь хийгээд явж байна. Боломжийн л байна. Гэхдээ карт авахгүй бол зорчих үнийг 1000 төгрөг болно гэж зурагтаар ярихыг сонслоо. Тэр дэмий байх даа. Орон нутгаас ирж байгаа бид чинь тэр картыг нь  авах шаардлага байхгүй шүү дээ. Тэгэхээр 500 төгрөгөө төлөөд явж байвал яагаад болдоггүй юм бол доо. 

Иргэн Э.Эрдэнэтуяа: зарим чиглэлд автобус шинээр яваад, таалагдаж байна

-Автобусууд “ухаалаг болж байгаа нь гадны жишиг гэсэн биз дээ. Манай улсын нийтийн тээвэр шинэчлэгдэж, дэлхийн хөгжилтэй орнуудын хэмжээнд хүрхүйц үйлчилгээтэй болж байгаа нь харин сайн. Гадна дотноос хүмүүс ирсэн ч таатай хүлээж авах байх. Гэхдээ автобусууд богино эргэлттэй болсон нь холоос явдаг хүмүүст хүндээр тусч байна гэх юм билээ. Харин миний хувьд гэр “Хүүхдийн 100”-д байдаг. Өмнө нь тэрүүгээр автобус явдаггүй байсан. Одоо явдаг болсон. Харин ч амар байна. Энэ шинэчлэлийг хүн бүр өөр өөрөөр л хүлээн авч байгаа байх даа. 

Г.Уянга

olloo.mn

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button