Намрын чуулган болтол шинэ сайд нарын нэрсийг тодруулахгүй нь

МАН-ын зургаан сайдын оронд хэнийг томилох вэ гэдэг сунжирч мэдэхээр байна. Учир нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг сайд нарын нэрсийг намрын чуулганаар өргөн барих сураг дуулдлаа.

Зургаан сайдын суудлыг АН болон "Шударга ёс" эвслийн бүлэг гурав гурваар нь авахаар болсон. "Шударга ёс" эвслийн бүлгийхэн сайдад нэр дэвшигчдийнхээ нэрсийг тодруулаад байгаа. Тодруулбал, тус бүлэг  Н.Батцэрэг, Ц.Оюунбаатар,  З.Баянсэлэнгийг тус  тус сайдад нэр дэвшүүлсэн гэх мэдээлэл байна. 

Харин АН-ынхан одоо хүртэл сайдад нэр дэвшигчдээ тодруулж чадахгүй байна. Энэ удаагийн сайд нарын томилгооноос болж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын дарга З.Энхболд нарын хооронд асуудал үүссэн гэх. Тус намын дарга З.Энхболдын зүгээс Л.Эрдэнэчимэгийг Зам тээврийн, Н.Батбаярыг Сангийн, Г.Баярсайханыг Хөдөлмөрийн сайдад тус, тус нэр дэвшүүлсэн ч дээрх хүмүүс бүлгийнхээ гишүүдийн дэмжлэгийг авч чадаагүй юм.

Нөгөө талаас Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Л.Эрдэнэчимэг, Н.Батбаяр нартай хамтарч ажиллаж чадахгүй гэдгээ бүлгийн хурал дээрээ мэдэгдсэн гэх бөгөөд Зам тээврийн сайдад Г.Батхүүг зүтгүүлж байгаа талаар шуугиж байна.

Юутай ч энэ нэр дэвшүүлж буй сайд нарын нэрс дахин өөрчлөгдөж магадгүй гэх мэдээлэл ч байна.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button