Олон Улсын хүүхдийн их наадамд 119 тамирчин оролцоно

Олон Улсын Хүүхдийн VI Их наадам энэ сарын 25-30-ны өдрүүдэд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсад болно. Энэхүү наадам нь Монгол туургатны их наадам нэрийн дор зохион байгуулагддагаараа онцлог. 

Тус наадамд Монгол Улсаас 126 хүний бүрэлдэхүүнтэй баг, тамирчид спортын есөн төрөлд хүч сорих юм. Тэднийг үдэх ёслолын арга хэмжээ өнөөдөр Спортын Төв Ордны гадна талбайд боллоо. Үйл ажиллагаанд ЭМСЯ-ны Нийтийн биеийн тамир, спортын Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Бакытжан, тус газрын ахлах мэргэжилтэн О.Гэрэл, ЭМСЯ-ны НБТСХТ-ийн Захиргаа, санхүүгийн албаны дарга, Гавьяат тамирчин Ц.Баярсайхан, тус төвийн Нийтийн биеийн тамир, спортын хөгжлийн хэлтсийн дарга Ж.Тунгалаг, төрөлжсөн сургалттай спортын дунд сургуулийн захирал, Монголын олимпийн академийн Ерөнхийлөгч, доктор, Зоригтбаатар нарын албанхан байлцаж, наадамд оролцох баг тамирчдад амжилт хүсч, төрийн далааг гардуулав.

Хүүхдийн их наадамд оролцох баг тамирчдад хандан ЭМСЯ-ны Нийтийн биеийн тамир, спортын Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Бакытжан, “Гавьяат дасгалжуулагч Ч.Наранбаатарын санаачилсан Монгол туургатны хүүхдийн их наадам зургаа дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Жил ирэх тусам цар хүрээгээ тэлж буй энэхүү ОУ-ын наадамд эх орноо төлөөлөн оролцож буй баг тамирчдад өндөр амжилт хүсье. Монгол Улсын Засгийн газрын 379 дүгээр тогтоолын дагуу Монголын хүүхдийн спортын тавдугаар наадам болно. Уг наадамд та нарын дотроос оролцохоор эрхээ авсан нь мэдээж. Тиймээс та бүхний өмнө өндөр хариуцлага байна. Энэ хариуцлагыг дааж, амжилтад хүрэх нь чухал” гэдгийг хэллээ.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button