Манайхан Япон, Солонгосын бөхчүүдэд ялагдаж, тэмцээнээ дуусгалаа

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ өчигдөр Казахстан улсын нийслэл Астана хотын Алау спортын ордонд эхэлсэн.

Өчигдөр эмэгтэйчүүдийн 48, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жингийн аваргууд тодорсон юм. Манай улсаас тэмцээний эхний өдөр буюу эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд МУ-ын гавьяат тамирчин дэлхийн аварга М.Уранцэцэг, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд МУ-ын гавьяат тамирчин дэлхийн аварга Г.Болдбаатар, Залуучуудын дэлхийн аварга  Ц.Цогтбаатар нар зодоглосон.  Харамсалтай нь баг тамирчдынхаа салхийг хагалж Астанагийн дэвжээнд гарсан хөнгөн жингийнхэн маань энэ удаад амжилт үзүүлсэнгүй.  Ингэхдээ манайхан гол өрсөлдөгч болох Япон, Солонгосын бөхчүүдэд ялагдсан юм. 

Тухайлбал гавьяат тамирчин М.Уранцэцэгийн хувьд эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт БНХАУ-ын Шие Шишиг цэвэр ялсан ч Японы Харуна Асамид ялагдсан.

Залуучуудын дэлхийн аварга Ц.Цогтбаатарын хувьд эхний тойрогт Швейцарийн жүдоч Людовик Чаммартиныг, хоёрдугаар тойрогт Чехийн Павел Петриков нарыг цэвэр ялсан ч БНСУ-ын Ким Вон Жинд ялагдсан.

Харин хэсгээ тэргүүлж байсан гавьяат тамирчин Г.Болдбаатарын хувьд хэсэгтээ ээлж дараалсан ялалтууд авсны дараа хагас шигшээд шалгараад байсан ч харамсалтай нь зооны аваргын төлөөх барилдаанд нутгийн бөх  Рустан Рахаевтай таарч барилдан 1:0 гэсэн онооны харьцаагаар ялагдсан юм. Ингээд хүрэл медалийн төлөө БНСУ-ын бөхтэй барилдаж мөн ялагдсанаар энэ удаагийн ДАШТ-д тавдугаар байрт бичигдлээ. 

Харин өнөөдөр эрэгтэйчүүдийн 66 кг, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн барилдаан болно. Манай улсаас Х.Цагаанбаатар, Д.Төмөрхүлэг, М.Бундмаа, А.Цолмон нарын бөхчүүд дэвжээнд гарна. 

Эрэгтэйчүүдийн 66 кг-д хөдөлмөрийн баатар, дэлхийн аварга Х.Цагаанбаатар "В" хэсэгт багтсан. Тэрээр эхний тойрогт Аргентинийн П.Гонзалестай учраа таарсан байна.

Харин энэ жинд Д.Төмөрхүлэг эхний тойрогт гоц мөргөсөн бөгөөд Тажикстан, Серб бөхчүүдийн аль хожсонтой нь хоёрдугаар тойрогт барилдах юм.

Мөн эмэгтэйчүүдийн 52 кг-д А.Цолмон "В" хэсэгт багтсан бөгөөд эхний барилдаанаа Канадын Г.Екатринатай хийнэ. Гавьяат М.Бундмаа эхний тойрогт АНУ-ын Д.Ажеликатай оноолт таарчээ. Тэрээр "С" хэсэгт багтсан.

Б.Сансар

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button