УИХ-ын дарга З.Энхболд Катар Улсын Батлан хамгаалахын сайдыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Катар Улсын Батлан хамгаалахын сайд Хамад Бин Али Аль Аттия тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2015.08.25/ хүлээн авч уулзав.

УИХ-ын дарга З.Энхболд төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг уриад, Монгол, Катар хоёр улс 1998 онд дипломат харилцаа тогтоосноос хойш улс төрийн найрсаг сайн харилцааг хөгжүүлж байгаа бөгөөд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Мөн тэрээр Катар Улс газрын тос болон байгалийн хийн ихээхэн нөөцтэй, уг нөөцийг үр ашигтай зөв ашигласны ачаар улс орныхоо эдийн засгийг сэргээн хөгжүүлж, ард түмнийхээ аж амьдралыг дээшлүүлж чадсаныг тэмдэглээд, Катар Улсын байгалийн баялгаа хэрхэн зөв зохистой ашиглаж байгаа туршлагаас нь суралцахыг хүсч буйгаа дуулгалаа.

Ноён Хамад Бин Али Аль Аттия УИХ-ын даргыг цаг, зав гарган хүлээн авч уулзаж буйд талархаад, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа сайн түвшинд хөгжиж байгаад баяртай байгаагаа тэмдэглэв. Мөн батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо.

Уулзалтад УИХ-ын гишүүн, Монгол-Катарын парламентын бүлгийн дарга Б.Наранхүү, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, УИХ-ын гишүүн, Монгол-Катарын парламентын бүлгийн гишүүн Г.Баярсайхан, Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд С.Энхбат,  УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button