Цэцэрлэгийн эрхлэгч, багш нарыг эцэг эхчүүдээс авлига авахгүй байхыг хүсэв

Жил бүрийн намар үүсдэг хамгийн том асуудал бол цэцэрлэгийн бүртгэлийн асуудал байдаг. Үүнийг дагаад цэцэрлэгийн багш, эрхлэгч нар эцэг, эхчүүдээс авлига  авдаг гэх нууцгүй. Иймээс УИХ-ын гишүүн С.Одонтуяа нийт цэцэрлэгийн багш ажилтнуудад хандан иргэдээс ямар нэг хандив авахгүй байхыг уриалжээ. Тэрээр мөн цэцэрлэгийн хүрэлцээ муу байгаа хэдий ч Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль хэрэгжиж эхлэхээр энэ асуудлыг шийднэ хэмээсэн байна. УИХ-ын гишүүн С.Одонтуяа уриалгадаа,  

"Намар болж эцэг, эхчүүд хүүхдээ хэрхэн цэцэрлэгт хамруулах тухай оюун санаагаа чилээж байгаа энэ үед нийт улсын цэцэрлэгийн удирдлага, багш ажилтнуудад хандаж дараах уриалгыг гаргаж байна. Улсын хэмжээнд олон арван цэцэрлэг баригдаж байгаа хэдий ч хангалтгүй байгаа нь үнэн. Гэхдээ энэ асуудлаар далимдуулж, цэцэрлэгт хүүхдээ өгөх гэсэн эцэг, эхчүүдээс хандив, бэлэг нэрийн дор авлигаас ангид байхыг нийт цэцэрлэгийн албан хаагчдаас хүсэж байна. 2016 оны  нэгдүгээр сарын 1-нээс “Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль” хэрэгжиж эхлэх юм. Энэхүү хуулиар эрүүл, аюулгүй орчинд таны хүүхдийг харж, асрах тухай зохицуулалтыг хийсэн болно. Нийт цэцэрлэгийн удирдлагууд, багш ажилчдад авлигаас ангид байхыг уриалж байна. Авлигагүй Монголын төлөө иргэн бүрийн оролцоо чухал юм" гэжээ.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button