Эрэгтэйчүүд Багийн ДАШТ-ээс анх удаа хүрэл медаль хүртлээ

Казахстан улсын нийслэл Астана хотноо болсон жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2015 оны ДАШТ өчигдөр өндөрлөлөө. Тэмцээний сүүлийн өдөр багийн барилдаан явагдлаа. Эрэгтэй, эмэгтэй шилдэг 16 баг оролцдог тус тэмцээнд манай эрэгтэйчүүдийн шигшээ  хүрэл медаль хүртлээ. Хүрэл медалийн  төлөөх барилдаанд манай тамирчид зохион байгуулагч Казакстан улсын шигшээ багтай таарч барилдсан юм.  -66 кг-ийн жинд Х.Цагаанбаатар, -73 кг-д Г.Одбаяр, -83 кг-ийн жинд О.Ууганбаатар, -90 кг-д Л.Отгонбаатар, -100 кг-д Н.Түвшинбаяр  нар барилдлаа. Эхний гурван тамирчин ялалт байгуулснаар эрэгтэй шигшээ баг Дэлхийн аваргаас анх удаа хүрэл медаль хүртэж байна.

Харин өнгөрсөн жилийн финалд шалгарч Францын багт ялагдан мөнгөн медаль хүртэж байсан эмэгтэйчүүдийн шигшээ багийн хувьд хагас шигшээ барилдаанд хүчирхэг Японы багтай таарч 5:0-ийн харьцаатай ялагдал хүлээсэн. Ингээд хүрэл медалийн төлөө Германы бүсгүйчүүдтэй таарсан ч 3:2-ийн харьцаатай ялагдал хүлээснээр ДАШТ-ий багийн барилдаанд  шагналт тавдугаар байранд бичигдлээ.

Харин нийт медалийнхаа тоогоор дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтаар 13 дугаар байрт бичигдлээ.

Энэ удаагийн ДАШТ-д 120 орны 739 жүдоч хурд хүч, авахаалж самбаагаа сорин барилдсан юм. Манайхан Астана-2015  ДАШТ-д хөнгөн жиндээ нэлээд найдлага тавин жин тус бүр хоёр жүдоч илгээсэн. Харамсалтай нь  хөнгөн жингийнхэн маань  тэмцээнээ тийм ч амжилттай эхлүүлээгүй. ДАШТ-ий А хэсгийг толгойлон барилдсан М.Уранцэцэг шөвгийн наймд шалгараад ялагдал хүлээсэн бол, В хэсгийг толгойлсон М.Болдбаатар хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдаж, шагналт тавдугаар байр эзэлсэн. Тэмцээний хоёр дахь өдөр мөн л медаль хүртэж чадаагүй. Харин гурав дахь өдөр хос хүрэл медаль хүртсэн амжилт үзүүллээ. Ингээд тэмцээний тав дахь өдөр дахин нэг хүрэл медаль хүртлээ. Тэдний медалийн буухиа сүүлийн өдөр үргэлжилж эрэгтэйчүүд анх удаа багийн ДАШТ-аас хүрэл медаль хүртлээ. Ийнхүү манай жүдочид нэгэн түүхэн амжилтын эзэд боллоо. 

Б.Сансар

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button