320 мянган төгрөгийн сэтгүүл дуулиан тарив

Хилийн хяналтын бүст Засгийн газрын нэрийг барьж, 160 ам.долларын үнэтэй сэтгүүл гадаадынханд шахаж байсан хэрэг илэрч өнгөрөгч долоо хоногт багагүй дуулиан тарилаа. Тодруулбал, Засгийн газрын логог ашиглаж, 160 ам.долларын сэтгүүлээ олон улсын нислэгээр ирсэн гадаадын зочдод авахыг тулгаж байсныг жуулчид Ерөнхий сайдад “ховлосноор” асуудал үүсчээ. 

Аялал жуулчлал гэдэг үгээ хүртэл буруу бичсэн монгол мөнгөөр 320 мянган төгрөгийн үнэ бүхий сэтгүүл Ерөнхий сайдын багагүй бухимдуулж, энэ сэтгүүлийг хилийн онцгой бүсэд зарах эрхийг олгосон Зам тээврийн яамны ажилтнуудад хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлөх чиглэл өгсөн билээ. 

Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу  Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ газрын дарга Ч.Адъяасүрэн, н.Мөнхнасан нарыг ажлаас нь халсан байна. Мөн Нисэх буудлын дарга М.Даваажавыг ажлаас нь халахаар болжээ. Ч.Адъяасүрэн, н.Мөнхнасан, М.Даваажав нар бол МАН-аас сайдаар томилогдсон Н.Төмөрхүүгийн үед Зам тээврийн яаманд очсон аж. Тэдгээр албан тушаалтнууд өнгөрөгч баасан гарагт мэдээлэл хийж өөрсдийгөө буруугүй хэмээн баталсан юм. 

“Хүннү Лорд” гэх компани сэтгүүл гаргаж тараах зөвшөөрөл хүсч албан бичиг ирүүлсэн ч хүлээж аваагүй, улмаар энэ асуудлыг МИАТ шийдэх ёстой хэмээн уг албан бичгийг МИАТ руу хүргүүлсэн гэсэн тайлбарыг тэд өгсөн юм. МИАТ компаниас одоогоор ямар асуудал үүссэн, яагаад хилийн онцгой бүсэд 160 ам.долларын компанийн сурталчилгаа бүхий сэтгүүл Засгийн газрын нэрээр худалдаалагдаж байв гэдэгт тайлбар өгөөгүй байна. 160 ам.долларын сэтгүүлийг эрхлэн гаргаж байсан эзэн нь ч одоогоор олдоогүй байгаа билээ. “Шидэт” сэтгүүлийн дуулиан энэ долоо хоногтоо л тасрахгүй бололтой. 

 
Монголын мэдээ
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button