Агаарын бохирдлыг бууруулахад цахилгааны урамшуулал бодит дэмжлэг болно гэв

2011 оноос шаардлага хангасан гэр хорооллын өрхүүдэд цахилгааны үнийн урамшуулал олгодог болсон. Дунджаар жилд гэр хорооллын 27 мянган өрх цахилгааны үнийн урамшуулалд хамрагддаг байсан гэх тооцоо байгаа.

 

Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өдөр ирэх бүр нэмэгдэж, иргэдийн халаасан дахь хэд хаанаа ч хүрэхгүй болсон цагт энэ нь ихээхэн дэмжлэг болдог байв. Гэвч энэхүү цахилгааны урамшууллыг өнгөрсөн онд бүрэн зогсоосон. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компаниас энэ талаар тайлбарлахдаа “Улсын төсөв хямарсан” гэх тайлбарыг хэлж буй.

 

 Уг нь цахилгааны урамшууллыг гэр хорооллын өрхүүд эдэлснээр тэдний амьдралд ихээхэн дэм болдог байжээ. Учир нь гэрийн халаалтын системийг бүрэн цахилгаанаар шийдсэн, цахилгаан халаагуур бүхий айл өрхийн 18.00-09.00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны мөнгийг 50 хувиар хөнгөлж тооцдог байсан юм.

 

Мөн шахмал болон коксон түлш, сайжруулсан зуух, яндангийн шүүлтүүртэй, мөн дулаалгатай гэр, сууцтай өрхийн 200 квт/ц хүртэлх цахилгааны төлбөрийг 50 хувь хөнгөлдөг байжээ. Ийнхүү гэр хорооллын иргэд цахилгааны урамшуулалд хамрагдсанаар сард 10 мянган төгрөгийг хэмнэдэг байсан аж. 

Өнгөрсөн хугацаанд агаарын бохирдолтой эрчимтэй тэмцэж нэлээдгүй олон төсөл, хөтөлбөрүүдийг авч хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд агаарын чанар ч багагүй сайжирч буй. Тэгвэл иргэдийн зүгээс дээрх төсөл хөтөлбөрүүдээс хамгийн үр дүнтэй байсан нь цахилгааны урамшуулал хэмээн дүгнэж байна. Тиймээс дахин энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг хүсэж байна. 

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button