Импортлогчид ичээсэй

Хэдхэн жилийн өмнө үндэсний баялаг бүтээгчид маань Чингис хааны талбай дээр үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа. Тансаг зэрэглэлийн мебель тавилга, хээ хуараар чимэглэсэн хар модон тавилга, нам даралтын цахилгаанаар халдаг зуух, пийшин, сайн сортын төмс хүнсний ногоо, хар гурилын хүнсний бүтээгдэхүүн, эдэлгээ урт, үнэ хямд, чанартай, өргөн нарийн өндөр өсгийтэй гутлууд гээд ёстой л ногоон хурганы арьс нохойн битүү туурайнаас бусад нь тэнд худалдаалагдаж байлаа.

 

Аль нэг байрны түрээсийн өрөө хөлсөлж үйл ажиллагаа явуулдаг, танил талдаа үнэ хямдруулан шахах журмаар ажиллаж ирсэн үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн олон нийтэд хэдийн танигдаж эхэлжээ. Төв талбайд хэдэн өдөр хөл хөдөлгөөн тасарсангүй.

 

Импортын гүзээлзгэнэд зах зээлээ булаалгаж ирсэн эгч энэ жилээс худалдан авагчтай болж, гүзээлзгэнээ дуустал нь зарж чадсанаа “гайхуулан” ярьж байв. Тэдний маань магнай тэнийжээ. Бодлогоор хамгаалж, хуулийг нь баталж, нэг дээвэр дор зангидаж байдаг өөрийн гэсэн яамтай болсондоо ч тэд маань сэтгэл хангалуун байна. Тахиа, өндгөө зарж чадахгүй эрээний бараанд зах зээлээ булаалгаж ирсэн аж ахуйн нэгжүүд Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль гарсанд баярлаад ч барахгүй байгаа гэнэ. Дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангачих чадалтай ч хятадын ногоонд зах зээлээ булаалгаж ирсэн ногоочид импортын барааны татварыг 20 хувьд хүргэж, дотоодын зах зээлээ хамгаалж буй салбар яамныхаа сайдад чин сэтгэлээсээ талархаж байлаа. Тэд ийм бодлогыг олон жил хүлээсэн. Монгол Улс уул уурхайгаас хамааралтай эдийн засагтай ч зэс, нүүрсний үнэ “хог” дээр гарах цагт үндэсний үйлдвэрлэгчид л эдийн засгийг аварна гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа. Үүнийг Ерөнхийлөгч нь хүртэл хүлээн зөвшөөрчихсөн. Харин хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй хэсэг бүлэг байдаг юм байна.

 

Тэд бол импортлогч компаниуд. Цөөхөн хэдхэн хүн бизнесээ аварч үлдэхийн тулд үндэсний баялаг бүтээгчдээ хайр найргүй гишгэлж, зах зээлийг нь олон жил булаасан. Хугацаа нь дууссан, ялзарч муудсан, эрүүл ахуйн шаардлага хангахгүй, чанаргүй цаашлаад элдэв янзын гений өөрчлөлтөд орсон хүнсний бүтээгдэхүүнээр тэд олон жил монголчуудаа “тэжээжээ”. Харин одоо цаг үе өөр болсон, импортлогчид оо.

 

Бид хятадаас мантуу, өндөг зөөж, АНУ-аас огурцы, тахиагаа зөөдөг жижигхэн улс байхаа больсон. Бид үйлдвэрлэгч орон болсон. Ижил төстэй импортын барааны татварыг өндор тогтоож байж л бид дотоодын үйлдвэрлэгчдээ хамгаалж чадна. Тэд хямдхан бөгөөд чанартай бүтээгдэхүүн гаргах зах зээлээ олж авна. Алдсан монгөө нөхөх гэж үнэтэй зардаг бус зах зээлийн эрэлттэй нийцүүлэн чанартай, хямд бүтээгдэхүүн гаргах боломж ижил төрлийн барааны импортыг хязгаарласнаар нээгдэнэ гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа. Гэтэл өөрөө л болж байвал өрөөл бусад хамаагүй гэдэг сэтгэлгээтэй хүмүүс дэндүү олон юм байна. Саяхан манайдаа л томхонд тооцогдох оёдлын компанийн захирал бүсгүй Монголд даавуу үйлдвэрлэдэггүй юм. Хэрвээ үйлдвэрлэдэг бол ам.метрийг нь нэг сая төгрөгөөр худалдаж авахад бэлэн байна хэмээн үндэсний долоон компанийг доромжлов. Монгол Улс дотоодын зах зээлийнхээ тодорхой хувийг хангах даавуу үйлдвэрлэх боломж жил гаруйн өмнөөс нээгдсэн. Хятадын хямдхан дүрэмт хувцаснаас хавьгүй илүү чанартай давуугаар тэд дүрэмт хувцас хийж байгаа. Дотоодын үйлдвэрүүдэд боломж нээгдэж, чанартай хувцас хийж эхэлсэн учраас импортын дүрэмт хувцсаа хамгаалах гэж сөрөг пи ар цацсан нь тэр бололтой. Цаашдаа ч импортын бараагаар халаасаа түнтийлгэсэн хэсэг бүлгээс иймэрхүү сөрөг дарамт ирэх нь ойлгомжтой. Гэхдээ хууль нь батлагдаад бодлого нь тодорхой учраас баялаг бүтээгчид маань бухимдаж, сэтгэлээр унахын хэрэг юун.

 

Зах зээлийнхээ эрэлтэд нийцсэн чанартай, хямд бүтээгдэхүүн гаргахад л анхаарлаа хандуулъя. Бид импортын бараанд дарлуулж байсан шүү гэдгээ батлахаар чанартай бараа үйлдвэрлээрэй. Баялаг бүтээгчдээ дарлаж, зах зээлийг нь булааж ирсэн импортлогч хэдэн бизнесмен одоо ичиж амьдраач. Дотоодын бараа бүтээгдэхүүнд зах зээлээ тавьж өгөхгүй гэж улайран тэмцэхээсээ ичнэ гэж найдъя.

 

Монголын мэдээ

Б.Өнөртогтох

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button