Ерөнхийлөгч Авлигатай тэмцэх, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг дахин өргөн барина

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд авлигын эсрэг үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд, судлаач шинжээчид Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийн төслийг өнөөдөр хэлэлцлээ. Уг төслийг боловсруулахын тулд 75 удаагийн хэлэлцүүлэг хийж, 3300 гаруй хүний нийт 4000 гаруй саналыг хамруулжээ. Үндэсний судлаачдаас гадна НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны болоод Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны зөвлөх, шинжээчдийн саналыг мөн төсөлд тусгасан байна. 

Монгол Улсад авлига системийн шинж чанартай болоод байгааг хэлэлцүүлгийн үеэр судлаачид онцолж байлаа. Тодруулбал, авлига нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалаас эхлээд хэвлэл мэдээллийн салбарт ч ихэссэн гэв. Тиймээс цогц зорилготой, хөшүүрэг, арга хэрэгсэлтэй, эргэн тайлагнах тогтолцоотой үндэсний хөтөлбөрийг баталж байж авлигатай тэмцэх боломжтой хэмээн уг төслийг боловсруулахад чухал үүрэг гүйцэтгэсэн судлаачид ярив.

“Авлига үндэсний аюулгүй байдалд заналхийлэх түвшинд хүрсэн” хэмээн МУИС-ийн сургалт хариуцсан дэд захирал, доктор профессор О.Мөнхбат тэмдэглэсэн бол төгс төгөлдөр хэлбэр рүүгээ “хөгжиж”, хяналтаас гарах шатанд хүрээд байгаа авлигыг хазаарлахын тулд энэ хөтөлбөрийг яаралтай батлах шаардлагатай байна хэмээн уг төслийг боловсруулахад оролцсон Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Б.Бат-Отгон ярилаа.

Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын ирэх намрын чуулганаар дахин өргөн барих болсон. Өнгөрсөн хаврын чуулганаар өргөн барьсан ч УИХ-ын гишүүдийн олонх хэлэлцэхгүй хэмээн санал өгснөөр буцаасан билээ.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button