Б.Обама Хойд Америкийн хамгийн өндөр оргилын нэрийг өөрчилнө

Хойд Америкийн хамгийн өндөр оргилын нэрийг МакКинли гэж бүгд мэддэг. Тэгвэл 40 жилийн маргааны эцэст АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама оргилыг Аляскийн уугуул оршин суугчдын оноосон нэрээр нэрлэх шийдвэрийг гаргажээ. Нутгийнхан уг оргилыг Денали гэдэг бөгөөд өнөөдрөөс эхлэн олон улсад ч энэхүү нэршлийг хэрэглэхээр болж байна.
Б.Обама уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх кампанит ажлынхаа хүрээнд хойд нутгуудаар ажлын айлчлал хийж, арктикийн бүс нутгийн оршин суугчидтай уулзахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ үедээ уг “бэлгээ” задлахаар төлөвлөж байгаа аж.
Хойд Америкийн хамгийн өндөр оргилыг АНУ-ын 25 дахь ерөнхийлөгч Уильям МакКинлигийн нэрээр нэрлэсэн бөгөөд 1896 онд сонгуульд ялсных нь дараа л шууд ийн нэрийджээ. Гэхдээ нутгийн уугуул оршин суугчид урьдынхаараа Денали гэж нэрлэсээр ирсэн юм байна. Энэ нь “Агуу” гэсэн утгыг илэрхийлдэг ажээ.
Аляска мужийн эрх баригчид 1975 онд оргилын уугуул нэрийг сэргээн Денали гэх болсон ч холбооны улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөлгүй өдийг хүрчээ. Энэ хооронд мужийн зүгээс хэд, хэдэн удаа хүсэлт гаргаж байсан аж.
1799-1867 он буюу Аляска Оросын эзэмшилд байх үед уг оргилыг “Том уул” гэж нэрлэн Оросын эзэнт гүрний хамгийн өндөр оргилд тооцдог байв. Оросууд 1867 оны гуравдугаар сард Аляскийг АНУ-д худалджээ. Хойд Америкийн хамгийн өндөр оргилыг анх Фердинандом фон Врангел 1839 онд анх олж, газрын зурагт тэмдэглэжээ.