Р.Бурмаа сайд ”Талх чихэр”-т хүүгүй зээл өгсөн үү

Манай улс энэ жил ургацынхаа тэн хагасыг алдах магадлал өндөртэй байгаа тухай яамны тооцоо бий. Харин Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалангийн холбооноос гаргасан судалгаагаар бол нийт ургацын 70 гаруй хувийг тавиад туучихаад байгаа. Ийнхүү төрийн байгууллага, хувийн хэвшил хоёрын тооцоо судалгаа хол зөрж буй хэдий ч ургац алдана гэдэгтэй аль аль нь санал нийлжээ. Тэгвэл энэ сургаар гурил болон гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үндэсний компаниуд хөдөлгөөнд орж эхлээд байна. Зарим компани өчигдрөөс эхлэн нарийн боов, талхны үнээ 50-100 төгрөгөөр нэмэх шийдвэр гаргасан. Уг нь, өнгөрсөн долоо хоногт нийслэлийн томоохон хүнсний захуудад “Атар” талх 1020-1200 төгрөгийн үнэтэй байв. Мөн Нийслэлийн статистикийн газрын мэдээллийг харвал тухайн долоо хоногт өмнөх долоо хоногоос 11 нэрийн барааны үнэ өссөн үзүүлэлттэй байжээ. Энэ бүх сөрөг мэдээлэл талх болон гурилын үнэ нэмэгдэх үндсэн шалтгаан болсон аж. 

Тэгвэл гурилан бүтээгдэхүүний салбартаа тэргүүлэгч “Талх чихэр” компани талхны үнээ нэмэхгүй байхаар болжээ. Тус компанийн гүйцэтгэх захирал М.Базар-Ууган “Гурилыг тогтвортой үнээр тээрэмдэж, чанартай буудайг нийлүүлэхээр тохиролцсоны үндсэн дээр “Атар” талхыг 1100 төгрөгөөс дээш үнээр борлуулахгүй байхаар тусгасан” хэмээн ярьжээ. Мэдээж том компани бүтээгдэхүүний үнээ тогтвортой барина гэдэг бол сайхан мэдээ. Валютын ханш өсч, үнийн хайчинд орсон иргэдийн хувьд ширхэг талх хуучин үнээрээ гар дээр нь очно гэдэг хэтрүүлж хэлбэл өнөө цагийн боломж юм. Уг нь сүүлийн гурван жилийн тоон мэдээллийг харахад талхны үнэ харьцангуй тогтвортой байв. Цаашид ч энэ байдлаа тогтвортой хадгалах нь Хүнс, хөдөө аж ахуйн яам “Талх чихэр” хоёрын хоорондоо байгуулсан гэрээнээс тодорхой байгаа юм.

 

Х.Баттулгын компанитай Р.Бурмаа ямар гэрээ хийв

Дотоодын зах зээл дээр гурил, гурилан бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтворжуулах, үнэ өсгөхгүй, хомсдол үүсгэхгүй байхаар салбар яамнаас Х.Баттулга гишүүний хувийн компанитай гэрээ байгуулжээ. Ингэхдээ Р.Бурмаа сайд тус компанид чанарын шаардлагад нийцсэн улаан буудайг Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан нийлүүлэхээр болсон байна. Яамны энэ шийдвэрийг салбарын төлөөллөөс дан гарц “Талх чихэр” компанид давуу байдал олгож байгаа хэлбэр хэмээн үзсэн нь ч бий. Учир нь байгалийн үзэгдлээс шалтгаалж, ургац алдах нь тодорхой байгаа тул зөвхөн “Талх чихэр” компани л тогтвортой, чанарын шаардлагад нийцсэн улаан буудайгаар тасрахгүй бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх нөхцөл бүрдлээ хэмээн тэд үзэж буй. Тэгээд ч тус компанийн гүйцэтгэх захирал М.Базар-Ууган “Талх үйлдвэрлэхэд гурилын чанар, цавуулаг маш чухал. Цавуулгийн хэмжээ 28 хувиас дээш байх шаардлагатай” хэмээн санамж бичигт гарын үсэг зурах үеэрээ хэлсэн. Энэ нь тус компанид яамны зүгээс 28 хувиас дээш цавуулагтай улаан буудай өгнө гэсэн нөөц санаа болох нь тодорхой. Цаашлаад бусад үйлдвэр бүтээгдэхүүний хомсдолд ороход ганцаараа хэвийн үйл ажиллагаа явуулах, эс бөгөөс оросоос улаан буудай худалдаж авах хуучин цагийн мөрөөдлөө биелүүлэх гэсэн салаа утга ч байж болох юм. Маш товчхондоо яамтай гэрээ байгуулсан гэдэг утгаараа “Талх чихэр” компани дотоодын зах зээлд бусдаас давуу байдалтай болно гэсэн үг. Үгүй бол хойд хөршөөс улаан буудай худалдан авч бусад үйлдвэрт “шахаж” таарна. Цөөн үгээр хэлбэл, ийм л нөхцөл байдал үүсээд буй. Энэ бол хамгийн наад захын бэрхшээл. Тэгвэл Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалангийн холбооны тэргүүн Л.Цандэлэг энэ гэрээний талаар “Р.Бурмаа сайд “Талх чихэр” компанид 40 тэрбум төгрөгийн хүүгүй зээл олгосон” хэмээн олон нийтийн цахим хуудсаар дамжуулан мэдэгджээ. Ингэж үзвэл чанартай бүтээгдэхүүнээр хангаад зогсохгүй мөн үйлдвэрлэл явуулах зардлыг нь ямар ч хүү, төлбөргүйгээр гаргаж өгсөн болж таарах нь. Маш энгийнээр бодоход арилжааны банкны хүүгээр тооцвол 40 тэрбум төгрөгийн сарын хүү нь 40 гаруй сая төгрөг болж таарч байна

 

Яагаад заавал “Талх чихэр”

Ямар нэгэн компани бусдаас давуу эрх эдлэх тухай ойлголт ямар ч хуульд байхгүй. Харин ч эсэргээрээ Шударга өрсөлдөөнийг хянах тухай хууль, энэ байдлаас сэргийлэх тусгай алба, хэлтэс бий. Дээрээс нь Н.Алтанхуягийн Засгийн газар гурил үйлдвэрлэгчдэд бүтээгдэхүүний үнээ тогтвортой барь гэж 61 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл өгсөн. Үүнээс мөн л Х.Баттулга гишүүний мэдэлд байдаг “Милл хаус” гурилын үйлдвэр хишиг хүртсэн. Ийм байхад тус компани хийгээд гурил үйлдвэрлэгчид бүтээгдэхүүний үнээ өсгөх нөхцөлгүй. Тэр ч бүү хэл нэмж хүүгүй зээл авах нь бүр ч зохимжгүй. Харин энэ бүхний эсрэг талд хэн бүхний нүдэнд ил байдаг “нууц” бий. Р.Бурмаа сайдын хувьд Х.Баттулгын толгойлдог МоАХ францид хамаардаг. 2012 оны сонгуулиас өмнө Ардчиллын ордон гэх фракцийнхаа байранд, Сонгогчдын боловсролын төв гээчийг “Женко”-гийн ивээл дор толгойлж байв. Мөн Чингэлтэйн нөхөн сонгуульд ч түүний заавраар нэр дэвшиж явсан билээ. Энэ байдлаас харвал “Талх чихэр” компанитай байгуулсан гэрээнд ашиг сонирхол нөлөөлсөн байх магадлал ихтэй байгаа. Үүнээс гадна Ардчилсан намыг фракцийн нэгдэл гэдгийг хэн бүхэн мэднэ. Тиймээс ч 2012 оны сонгуулийн үр дүн гарснаас хойш тус намын удирдлагууд Засгийн газрын зургийг зурахдаа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг МоАХ фракцид өгсөн. Тиймээс л сайд асан Х.Баттулга Р.Бурмаад тамгаа хүлээлгэн өгсөн хэрэг. Цөөн үгээр хэлбэл, нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөөгүй гэсэн үг. Уг нь Р.Бурмаа өөрийн үзэл бодлоороо явсан бол энэ тамгыг атгахгүй, ийм шударга бус шийдвэр гаргах учиргүй байлаа. Хамгийн энгийн жишээ гэхэд тэрбээр давхар дээлийг хамгийн их эсэргүүцсэн гишүүн гэдгийг бүгд мэднэ. Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагахад хүртэл гар бие оролцсон тэрбээр “Давхар дээлтэй байх зохимжгүй” гэж хэлчихээд өөрөө дээлээ давхарлаад сууж буйн нэгээхэн нууц энэ ажээ.

 

Эхсурвалж: UNEN.MN

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button