Ил тодын хуулиар компаниуд 640 тэрбум төгрөгийн татварыг төлөх ёстой

ЗГХЭГ-ын дарга, Сангийн сайдын үүрэг түр орлон гүйцэтгэгч С.Баярцогт өнөөдөр “Сайдын цаг” уулзалтад оролцож, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журмын талаар мэдээлэл хийлээ.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг Монгол Улс анх удаа баталсан. Өмнө нь энэхүү хуультай ижил төстэй буюу Татварын өршөөлийн хуулийг 2007 оны 12 дугаар сард хэрэгжүүлсэн. Энэ хуульд 8000 гаруй компани хамарч, татварын суурь 4.5 их наядаар нэмэгдэж байжээ

Тэгвэл энэ удаагийн хуулийн талаар тэрээр "Төсвийн орлогын биелэлт эхний долоон сарын байдлаар 580 орчим тэрбум төгрөгөөр тасарсан байгаа. Гааль дээр орлогын тасалдалт өндөр байна. Энэ нь импортын хэмжээ эрс буурсантай холбоотой. Одоо дэлхий нийтэд шатахууны үнэ буурч байна. Нефтийн үнэ буурахад манайд ашигтай. Гэвч Монгол Улсын эдийн засагт томоохон нөлөө үзүүлдэг зэс, нүүрс, төмрийн үнэ унасан. Тиймээс төсвийн тодотгол зайлшгүй хийх шаардлагатай.

Одоогийн байдлаар 640 орчим тэрбум төгрөгийн татварын өр байгаа. Энэ бол татвараа нуусан, татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэг биш зүгээр өр юм. Тиймээс компаниуд дээрх 640 тэрбум төгрөгийн татварыг төлөх ёстой" гэжээ. 

Монгол Улсын санхүүгийн жил 12 сарын 31-нд дуусдаг. Тэгэхээр Татварын болон Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль нь татварын бодлогод зохицуулалт хийж, хуулийн этгээд буюу компани, хувь хүний орлогын блансыг шинээр эхлүүлэх боломжийг бүрдүүлж байгаа юм.

Хуульд хамрах хүсэлтэй аж ахуйн нэгжүүд энэ оны 12 дугаар сарын 31-ний дотор 2015 оны нэгдүгээр улирлын тайлангаа ирүүлэх ёстой. Аж ахуйн нэгжүүдийн тайланг цахим болон цаасан хэлбэрээр бүртгэхээр төлөвлөж байна. Цахим бүртгэлийг энэ оны 12 дугаар сарын 31-ний 24 цаг хүртэл авна. Харин цаасан бүртгэлийг 31-ний 18.00 цаг хүртэл буюу ажлын цаг дуусах хүртэл авах юм.

Энэхүү хууль хэрэгжиж эхэлснээр Монгол Улсын хэмжээнд илрээгүй юм уу, орлогын мэдүүлэгтээ тусгаж, бүртгүүлээгүй хөрөнгө байхгүй болно гэж үзэж байгаа. Иргэн, аж ахуйн нэгжүүд өөрийн хүсэлтээр далд байсан хөрөнгөө ил гаргаж, бүртгүүлэх юм бол Эрүүгийн болон Захиргааны хариуцлагаас нэг удаа чөлөөлөх юм.

Г.Уянга

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button