Үндсэн хуулийн цэцийн 13 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэв

Чуулганы хуралдаанаар Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсэг, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 13 дугаар дүгнэлтийг хэлэлцэв. Энэ талаарх Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Наранчимэг танилцуулсан юм.

Үндсэн хуулийн цэц 2015 оны 10 дугаар 07-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсэг; Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 30 дугаар зүйлийн 30.1, 30.3, 30.4, 33 дугаар зүйлийн 33.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийн холбогдох заалт Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтын “…үл хөдлөх хөрөнгө … өмчлөх … эрхтэй.” гэснийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцжээ.

Цэцийн хуралдаанаас Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсэгт заасан “Ипотекийн зүйлийг өмчлөгчийн гуравдагч этгээдтэй байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрлөөс хамаарна.”; Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийн “… гагцхүү барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр …”, 27.2 дахь хэсгийн “Барьцаалбар олгосон бол барьцааны зүйлийг уг барьцаалбараар тодорхойлсон нөхцөлийн дагуу бусдын өмчлөлд шилжүүлж болно.”, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн “… барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр …”, 30.3 дахь хэсгийн “Барьцааны зүйлийг барьцаагаар хангагдах үүрэг гүйцэтгэх хугацаанаас хэтрүүлж болон өөр зориулалтаар бусдад ашиглуулахдаа барьцаалуулагч нь барьцаалагчийн зөвшөөрлийг авна.”, 30.4 дэх хэсгийн “Барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр энэ хуулийн 30.1-д заасан хугацаанаас хэтрүүлж гуравдагч этгээдэд эрх олгосон хэлцэл хүчин төгөлдөр бус байна.”, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийн “Хүчинтэй байгаа өмнөх гэрээгээр хориглоогүй бол …”, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийн “… газар барьцаалах гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр …” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтын “… үл хөдлөх хөрөнгө … өмчлөх … эрхтэй.” гэснийг зөрчсөн байна гэж үзэж 13 дугаар дүгнэлтийг гаргажээ. Иймээс уг хуулийн холбогдох хэсгийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар мөн өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн байна.

Цэцийн 13 дугаар дүгнэлтийг хэлэлцсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү танилцуулсан юм.Үндсэн хуулийн цэцийн 13 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэх тухай асуудлыг тус байнгын хороо энэ сарын 13-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээдҮндсэн хууль зөрчсөн гэж үзсэн заалт тус бүрээр санал хураалт явуулсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн байна.

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, Д.Ганхуяг, О.Баасанхүү нар байнгын хорооны даргаас асуулт асууж тодруулсны дараа цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн байнгын хорооны саналын дагуу Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж үзсэн хуулийн заалт тус бүрээр санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 52.8-66.1 хувь нь дэмжсэн юм. Ингээд Үндсэн хуулийн цэцийн 13 дугаар дүгнэлтийн тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 хувь нь дэмжлээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button