Зэлтэрийн гацаа

Монголын уран сайхны “Өглөө” кинон дээр жанжин Д.Сүхбаатар Галтай булнайд  цагаан цэргүүд дээр “Зэлтэрийн гацаа” хийж бут цохиж байгаа уран сайхны дүрслэл гардаг. Хаашаа ч зугатаах аргагүй болсон цагаантнуудын буцаж зугатах аман дээр итгэлтэй цэргүүдээ байршуулсан Д.Сүхбаатар жанжин тоогоор харьцангуй олон цагаантнуудыг гарцаагүй байдалд оруулан ялалт байгуулдаг тэр үйл явдал яг одоо Монголын улстөрд, тэгэхдээ Өршөөлийн хуулин дээр давтагдаж байна.

 

Нэг талаас алдаж эндэн өргөст торны цаана эрх чөлөөгөө хасуулан суугаа аав, ээж, ахан дүүсээ төрийн өршөөлд багтан эрх чөлөөтэй золгох өдрийг тэсч ядан хүлээж суугаа Монголын мянга, мянган өрх гэр бүлүүд УИХ-аас батлагдан гарах Өршөөлийн хуулийг өдөр, хоног, цаг, минутаар хүлээж нүд, чих тавин суугаа яалт ч үгүй нийгмийн их хүлээлт, шаардлага байгаа.

 

Залуу насны ааг омог, архины халуун, уурын мунхгаар анх удаа гэмт хэрэгт холбогдсон олон залуу Өршөөлийн хууль батлагдах өдрийг ёстой л хуруу даран тоолж суугаа. Тэр ч байтугай насаараа шахуу орон шоронгоор явсан хулгарууд хүртэл дотроо тооцоолон, хасагдах жилээ аль эрт судлаад мэдчихсэн хүлээгээд хэвтэж байгаа.

Тэгвэл төр, түмний халаасанд шуналын хар гараа тохойг нь хүртэл дүрж, гурав дөрвөөс, арван хэдэн тэрбумаар нь хулгайлаад цуслачихсан цагаан захтай гэмт хэрэгтнүүд шоронгоос захиалга өгч Өршөөлийн хуулиар чухамдаа энэ л өдрүүдэд баруун солгойгүй наймаалцаж байгаа нь тодорхой. Тэд өршөөлийн хуульд ямар ч үнээр хамаагүй Ерөнхийлөгчийн хоригийг суулгуулахгүйн төлөө бүхэл бүтэн улстөрийн намыг ч хөдөлгөж дөнгөж байна.

 

Хэдийгээр УИХ дахь “Шударга ёс” эвсэл томоохон асуудлыг хэлэлцэх бүрт хэрэглэдэг дархан мэх “Тав хоногийн завсарлага”-аа аваад байгаа ч энэ өдрүүдэд улстөрийн хаалттай хөшигний ард жинхэнэ томоохон наймаалцал явагдаж байгаа нь тодорхой юм. Хэн бүхний хардаж байгаагаар Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг Өршөөлийнхуульд хамруулахаар үхэн хатан тэмцэлдэж байна гэж өнгөцхөн дүгнэж болох хэдий ч түүний цаана АН-ынхны ч амин чухал эрх ашиг явж байгааг харахгүй өнгөрвөл алдас болно. АН-д хүчирхэг Алтангадас, МҮДН, бүр цаашилбал МоАХ фракцид ч тодорхой учир шалтгааны улмаас Ерөнхийлөгчийн хоригийг Өршөөлийн хуульд суулгахгүйн төлөө үхэлдэн наймаалцах шаардлага байгаа юм. Алтангадасын тэргүүн Н.Алтанхуяг АН-аас Л.Болд, Ц.Оюунгэрэл, Х.Тэмүүжин нарын сугалан авч шинэ нам байгуулчихаад хэзээ мөдгүй сүртэйхэн зарлан тунхаглах гэж байгаагийн цаана Ц.Элбэгдорж, З.Энхболд тэргүүнтнүүдтэй чухамдаа Өршөөлийн хуулин дээр хэзээ ч “эвлэрэхгүй” гэсэн хатуу зуусан шазуур нь байгаа. Тэгвэл Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр сүүлийн өдрүүдэд УИХ-ын Хууль зүйн байнгын хороон дарга Д.Ганбат, “Шударга ёс” эвслийн нэр бүхий эрхмүүдтэй ойр ойрхон тулж уулзсаар яваагийн цаана мөн л Өршөөлийн хуулийг хэрхэн өөрт ашигтайгаар эргүүлэх талаарх наймаалцал явж байгаа нь хэнд ч ойлгомжтой.

 

Хэрэв ямар нэгэн гайхамшиг болж Өршөөлийн хуульд Ерөнхийлөгчийн хориг суун батлагдвал Н.Батбаяр өөрөөсөө гадна олон хүнийг хөлдөө чирэн дээлээ толгой дээгүүрээ нөмрөх нь тодорхой. Тэгэхээр энэ хүнд өдрүүдэд Н.Батбаярт Н.Алтанхуягаас гадна өөр хүчтэй дэмжлэг, цаг зуурын нөхөр хэрэгтэй.

 

Харин “Шударга ёс”-чуудын тухайд “МАХН-ын 70 хувь нь Н.Энхбаяр” гэдэг хаашаа ч бултах аргагүй үнэнийг эцсээ хүртэл хамгаалахын тулд тав хоногийн завсарлага авч, энэ хугацаандаа УИХ- ын дарга З.Энхболдтой ямар нэгэн тохиролцоонд хүрэх, магадгүй Н.Алтанхуяггай урьд нь нэг удаа атгаад алдсан

гараа эргэн чангахан атгах, Р.Гончигдоржтой ч аз туршсан уулзалтууд хийж байхыг үгүйсгэхгүй.

 

Ерөнхийдөө хамгийн бодитой хардлага МАХН-ын дарга Н.Энхбаяр дээр төвлөрч байгаа хэдий ч Монголын улстөрд нэгэнт танигдсан энэ хүний сүүдэр доор Өршөөлийн хуульд Ц.Элбэгдоржийн

хоригийг суулгахын эсрэг хүчирхэг эвсэл яг энэ өдрүүдэд бүрэлдэн тогтож, ханцуй шамлан ажилдаа ороод байгаа нь л гарцаагүй үнэн юм даг. Товчхондоо Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг “Зэлтэрийн гацаа”-нд оруулах бодит хүчин эвлэлдэн нэгдэж өнгөрсөн амралтын өдрүүд хийгээд шинэ долоо хоногийн эхээр тун чиг хүчтэй ажиллах нь тодорхой болсон. Эхнээсээ тодорхой уулзалтуудыг ч зохион байгуулсан. Энэ эвслийн гол зорилго нь МАХН-ын дарга Н.Энхбаярыг 2016 оны сонгуульд бүрэн эрхтэйгээр оролцуулах эрхийг бүрдүүлэхийн төлөөх тэмцлээс гадна хамгийн гол нь одоо шоронд байгаа цагаан захтнуудыг эрх чөлөөтэй болгох, тун удахгүй хэдэн арван тэрбумаар нь идсэн уусан нь тодорхой болох тодорхой улстөрчид, эрх мэдэлтнүүдийг шоронд орох бодитой аюулаас мултлахад оршиж байна.

 

АН-ын бүрэн бүтэн байдал, эрх баригчдын Засгийн газраа авч үлдэх гэсэн ашиг сонирхол, эрх мэдлийн төлөөх наймаалцлыг барьцаалсан “Шударга ёс”- чууд болон Н.Алтанхуягийн эвслийн хамтрал Өршөөлийн хуульд ямархуу “Зэлтэрийн гацаа” тавьсан нь тун удахгүй тодорхой болно. Ямартай ч тэд УИХ-ын дарга З.Энхболдод “Татгалзах аргагүй санал" тавих нь тодорхой. Харин УИХ-ын дарга “Хатуу самар” хэрхэн хариу барих, УИХ дахь МАН-ын бүлэг байдлыг аль тийш нь эргүүлэхээс МАХН-ын дарга Н.Энхбаярын төдийгүй эрх баригч АН-ын хувь заяа шууд шалтгаалах болно. Монголын улстөр, улстөрчид ямар наймаалцаж сураагүй ч биш дээ. Одоо харах, хүлээх л үлдэж байна.

 

 Өглөөний сонин

Д.Түвшин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button