АН-ынхан Төрийн захиргааны албан хаагчдын цалинг хасахыг төслөөр нь дэмжинэ

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр /2015.10.19/ ээлжит хуралдаанаа хийсний дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Бүлгийн дарга Б.Гарамгайбаатар хэлэхдээ: Ардчилсан намын бүлэг энэ удаагийн хуралдаанаараа төсөв тойрсон асуудлыг голлон ярилаа. Тухайлбал, Улсын Их Хурлын дарга болон Ерөнхий сайдын мэдээллийг сонссон. Мөн 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны төсвийн төслийн талаар бүлгийн санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллийг Ажлын хэсгийн ахлагч Я.Санжмятав танилцууллаа. 

Түүнчлэн Тариалангийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн талаар УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа танилцуулсан. Уг хуулийн төслийг хэлэлцэхийг Ардчилсан намын бүлгийн гишүүд дэмжлээ. Ерөнхий сайд Гацууртын асуудалтай холбоотой гэрээ хэлцлүүд бэлэн болсон гэдгийг мэдэгдлээ. Үүнтэй холбогдуулан, Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авах УИХ-ын тогтоолын төслийг хамт оруулж ирэх чиглэлийг бүлгээс өгсөн юм. 

Дараагийн нэг асуудал намын эв нэгдэлтэй холбоотой асуудалд бүлгийн гишүүд нэлээд шүүмжлэлтэй хандаж байна. Ардчилсан нам хуваагдаж, гишүүд өөр нам байгуулан гарч байгаа тухай мэдээлэл сүүлийн үед хэвлэлүүдээр цацагдах болсон. Тэгвэл ийм зүйл болоогүй гэдгийг албан ёсоор мэдэгдье. 

Ажлын хэсгийн мэдээллийг сонсох үед төрийн захиргааны албан хаагчдын цалинг хасах тухай асуудал нэлээд маргаан дэгдээсэн. Гэхдээ энэ асуудлыг оруулж ирсэн төслөөр нь дэмжинэ гэдэг дээр бүлгийн гишүүд санал нэгдлээ. Хамгийн гол нь хувийн хэвшил буюу аж ахуйн нэгжүүд төсвийн ачааллыг нуруун дээрээ үүрч явдаг гэдгийг анхаарах ёстой. Тийм учраас цалингийн 10 хувь хасагдсантай холбогдуулаад гарч байгаа хөнгөлөлт нь хувийн хэвшилдээ илүү ач холбогдол өгнө. Хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүд эдийн засгийн боломжоо сэргээчихвэл буцаагаад энэ хувиа нөхөх боломжтой гэж үзэж энэ шийдвэрийг гаргалаа. Нэг ёсондоо төрийн захиргааны албан хаагчдын цалингаас хасагдаж байгаа 10 хувь нь нөгөө талдаа хувийн хэвшлийн ажиллах боломжийг нээж байна.

Ардчилсан нам бүтцийн өөрчлөлт, төсвийн реформ хийж байгаа гэдгээ түрүүн албан ёсоор зарласан. Үүнтэй холбогдуулан чөлөөглөгдөж байгаа хүмүүсийг давтан сургалтаар нэг хэсгийг нь сургах, нөгөө хэсгийг нь хувийн хэвшилд ажиллах боломжийг нь нээж өгье гэж шийдвэрлэж байгаа. Бүлгийн гишүүд сая санал бодлоо солилцоход энэ тал дээр нэгдсэн ойлгоцтой байна гэж ойлгосон. МАН-ынхан өнөөдөр “3000 хүнийг ажилгүй болгох гэлээ” хэмээн улстөрийн суртал ухуулгаа хийж байгааг бүгд мэдэж байгаа. Өмнө нь болохоор “олон хүнийг ажилд авлаа, бүтцийг нэмлээ” гэж ярьж байсан хүмүүс өнөөдөр шүүмжлэлээ явуулахдаа “энэ хүмүүсийг ажилгүй болгох гэлээ” хэмээн ярьж байгаа. Энэ нь улстөрийн цэвэр тоглолт байна гэдгийг албан ёсоор хэлье. 

Төсвийг дагалдаж орж ирсэн хуулиудтай холбоотойгоор бүтцийн өөрчлөлтийг ирэх оны 8 дугаар сарын 1-нээс хийнэ гэж оруулж ирсэн. Энэ хууль нь тодотголын хуультайгаа хамт өргөн баригдсан. Сая ЗГХЭГ-аас тайлбарлаж байгаагаар тодотголтой хамт оруулж ирж бүтцийн асуудлыг шийдүүлэх юм бол 2016 оны төсөв дээр ямар нэг хүндрэл учрахгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ. Ийм зорилгоор ингэж оруулж ирсэн гэдгээ хэллээ. Ийм учраас Засгийн газраас оруулж ирсэн төслөөр нь дэмжээд явна гэж бүлэг шийдвэрлэсэн. Эдгээр асуудлыг бүлэг хэлэлцэж шийдвэрээ гаргажээ

Г.Уянга

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button