"Шударга ёс"-ынхны оюун санааны эцэг
Сүүлийн үед УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаанд МАХН-ын дарга Н.Энхбаяр байнга оролцож, “Татгалзах аргагүй санал”-аа хэлж, бодлого, чиглэлийг нь зангиддаг болсон.
Өчигдөр л гэхэд 11:00 цагт аль хэдийнэ Н.Батцэрэг даргатай зэрэгцэн байраа эзлэн сууж, гаднаас цаг хоцрон орж ирэх цэргүүдээ сүрхий ноцтой харсан шиг сууж байсан. “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан төрийн ордны “Г” танхимд эхлэх гээд байдаг зэргэлдээ “В” танхимд бие даагчдын зөвлөлийн хуралд эрхэм гишүүн Г.Уянга оролцоод байдаг. Хоёр хурлын хугацаа давхцаад Г.Уянга гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун хоёртой санд мэнд Халх голын чөлөөт бүсээр явсан ажлынхаа тайлангаа тавьчихаад "Би чинь бас бүлэгтэй хүн шүү дээ” гэсээр тунчиг яаран гүйж одно лээ.
Тэгвэл УИХ- ын гишүүн Ч.Улаан бас л тун яаран алхсаар танхимд орж явчихсан ч оюун санааны эцэг нь танхимын голоос тун ноцтой харсаар угтахыг үзээд давхийсэн нь тодорхой. Харин О.Баасанхүү гишүүн торжигнотол гүйсээр ирэх нь харагдахгүй байсан. Бодвол сүүлийн үед МАХН- ын зүгээс жаахан гоочлох болсонд сэтгэл дундуур явдаг тэрээр оюун санааныхаа эцэг рүү тэгтлээ яараад байх зүйлгүй гэж боддог болсон байхыг үгүйсгэхгүй. Харин бусад гишүүд цагтаа гозойж, “Шударга ёс”-чуудын хурал Н.Энхбаяр даргын зохиомжоор өрнөсөн нь ойлгомжтой.
Өглөөний сонин