Өршөөлийн хуульд өөрчлөлт оруулах сонирхол алга байх шиг
Өршөөлийн хуульд өөрчлөлт орох уу, үгүй юу гэдэг тун эргэлзээтэй нөхцөл байдалд байна. Намын бүлгүүд ээлж дараалан завсарлага авсаар эл хуулийг хэлэлцэх янз алга. “Шударга ёс" эвслийн бүлэг бүр хоёр удаа завсарлага авч хэлэлцэх асуудлыг хойшлуулаад байна.
Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Хууль тогтоомжийг зөрчөөд завсарлага өгчихлөө. Өмнө нь “Шударга ёс" эвсэл Өршөөлийн хуулийг хэлэлцэх үед тав хоногийн завсарлага авч байсан шүү дээ.
Гэтэл яг адилхан байдлаар нэг бүлэгт хоёр дахиа завсарлага өгчихлөө. Энэ асуудал дахиад л Үндсэн хуулийн Цэц рүү явна шүү. Нэг ёсондоо аливаа асуудлыг ингэж хүч түрж хийж, УИХ-ын гишүүдийнхээ бүрэн эрхэд халдаж, Өршөөлийн хуультай холбоотойгоор байр сууриа илэрхийлж буй гишүүдийнхээ үгийг ойшоохгүй байгаагийн нэг илрэл нь зөрчлийн асуудлаар Цэцийн дүгнэлт ойр ойрхон УИХ руу орж ирээд байгаа явдал юм шүү” хэмээгээд Өршөөлийн хууль шиг ёс зүйн болон ашиг сонирхлын зөрчилтэй хуулиуд дээр асар их хуйвалдаан явж байна гэсэн юм.
Тэгвэл энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдааны хэлэлцэх асуудлын жагсалтад Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал тусгагдаагүй байна. Тэгэхээр Өршөөл, хоригийн асуудлыг хэлэлцэхгүй, замхруулах сонирхол УИХ-ын олон гишүүнд байх шиг ээ. Эсвэл цаанаа ямар нэгэн тохироондоо хүрч чадахгүй байгаагийн улмаас ийнхүү хойшлогдоод байна уу гэсэн хар эрхгүй төрж байна. Уул нь Шударга ёс эвслийн бүлэг тав хоногийн завсарлага авсан. тэгэхээр Завсарлагааны хугацаа ирэх дөрөв дэхь өдрөөр дуусгавар болох учиртай билээ.
olloo.mn