Оюутнуудын илүү зан

Өчигдөр Монголын оюутны холбооноос хэвлэлийн бага хурал зарлаж, Хотын даргыг  огцрохыг шаардлаа. Тэд нийслэлийн удирдлагуудыг  оюутнуудын эрхийг зөрчсөн хэмээн буруутгаж байгаа юм. Тодруулбал Монголын оюутны холбооны ерөнхийлөгч Д.Батбаяр  хэлэхдээ “Улс орны ирээдүй болсон оюутан сурагчдаа дэмжих, амжилттай суралцах боломж нөхцөлөөр хангах зорилгоор 1995 оноос нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ очих, буцахад дэмжлэг үзүүлж ирсэн. Боловсролын тухай хуулийн 43-ийн 43.2, 43.5  автотээврийн хуулийн 12-ийн 12.2 дугаар заалтыг үндэслэн НИТХ-ын 6/51 дугаар тогтоолын хавсралт “Нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ зайлшгүй явах шаардлагатай сурагч, оюутныг тээвэрлэх журам”-ыг батлан өнөөдөр хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

Уг журмаар оюутан гэр сургууль, номын сан гээд  шаардлагатай газартаа хүрэхдээ үнэгүй зорчдог байсан ч нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд өдөрт нэг удаадаа үнэгүй зорчиж байгаа нь  оюутнуудын эрхийг зөрчсөн үйлдэл хэмээн үзэж байна. Мөн хичээлийн шинэ жил эхлээд даруй хоёр сар болж байхад оюутнуудыг нийтийн тээврээр үнэгүй үйлчлүүлэх боломжийг хангаж өгөөгүйд  ихээхэн бухимдаж байгаа аж.  

Иймээс тэд нийслэлийн удирдлагууд яаралтай арга хэмжээ авч,  оюутнуудыг хөнгөлөлттэй үнээр зорчуулахгүй бол Чингисийн талбай дээр  өлсгөлөн зарлана гэж мэдэгдлээ. Харин оюутнуудын энэхүү үйлдлийг илүү зан хэмээн үзэх хүн цөөнгүй байна. Учир нь оюутнууд хичээл номдоо шамдаж байхын оронд улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүнд үед улсаас үнэгүй зорчуулахыг шаардан өлсгөлөн зарлаж байгаа нь зүйд нийцэхгүй хэмээн үзэж байгаа юм. 

Б.Сансар

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button