646 тэрбум төгрөгийн татварын өр үүссэнээс 100 тэрбумыг нь барагдуулжээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэж, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Засгийн газар 2015 оны төсвийн тодотголыг өргөн мэдүүлэхдээ дэд сайд нарыг цомхотгох, улс төрийн өндөр дээд албан тушаалтнуудын цалинг 30 хувь, төрийн захиргааны албан тушаалтнуудын цалинг 10 хувь бууруулах, нефтийн бүтээгдэхүүний Онцгой албан татварыг нэмэх, татварын өр авлагыг барагдуулах зэрэг хэд, хэдэн асуудлыг тусгасан.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн, С.Дэмбэрэл нар “Дэд сайд нарыг цомхотгоод төдийлөн хэмнэлт хийж чадахгүй. Үүнийхээ оронд Засаглалын тогтолцоогоо өөрчлөх ёстой” гэсэн санал хэлэв. Мөн Н.Алтанхуяг гишүүн “Дэд сайд нарыг цомхотгох заалтыг хасах зарчмын зөрүүтэй санал гаргасан ч дэмжлэг авч чадсангүй.

Мөн УИХ-ын гишүүн Су.Батболд өнөөгийн татварын өрийн хэмжээг тодруулсан байна. Үүний хариуд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт “Энэ оны наймдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 646 тэрбум төгрөгийн татварын өр үүссэн. Үүнээс 326 тэрбум төгрөгийн татварын өрийг барагдуулах үүргийг аж ахуйн нэгжүүдэд өгсөн. Одоогоор 100 тэрбум төгрөгийн татварын өр барагдуулсан байна. Үлдсэнийг нь он дуусахаас өмнө барагдуулахаар ажиллаж байгааг дуулгав.

Г.Уянга

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button