Төр данхар бүтцээсээ салбал 1.6 тэрбумыг хэмнэх боломжтой
УИХ-аар ирэх оны төсвийн талаар хэлэлцэж буй. Олон нийтийн зүгээс үүнд ихээхэн ач холбогдол өгч, чих тавьж байгаа юм. Ямартай ч ирэх оны төсөв хэмнэлт хийсэн дүр эсгэсэн ч тун хариуцлагагүй, хөөсөрсөн төсөв болсон талаар зарим гишүүн шүүмжилж байна. 2016 онд цалин тэтгэвэр нэмэгдэхгүй, төрийн албан хаагчдын цалинг бууруулах, яам агентлагуудыг нэгтгэх, зээлийн хүүгийн зардалд олсон орлогынхоо ихэнх хувийг зарцуулах төсвийг Сангийн яамнаас гаргасан. Ингэхдээ яам агентлагуудаа нэмэх, татан буулгах асуудлыг хоёр өөр хугацаатайгаар буюу заримыг нь ирэх оны нэгдүгээр сарын 01-нээс, яамдыг болоод дэд сайд нарын асуудлыг 2016 оны наймдугаар сарын 01-нээс татан буулгахаар болжээ. Бүтцийн өөрчлөлтийн дүнд 1.6 тэрбумыг хэмнэх тооцоог гаргасан байгаа юм. Гэвч МАН-ын болоод бие даагч гишүүд яамдад хийх бүтцийн өөрчлөлтийг ирэх оны сонгуулийг хүлээлгүйгээр нэгдүгээр сарын 01-нээс дагаж мөрдөх нь зүйтэй гэсэн саналыг гаргаж байлаа.
Хэрвээ ирэх оны нэгдүгээр сарын 01-нээс бүтцийн өөрчлөлтийг хийвэл дөрөв орчим тэрбум төгрөг хэмнэнэ гэдгийг Сангийн яамны мэргэжилтнүүд хэлэв. Тиймээс яамдыг болон агентлагуудаа татан буулгаж, төрийн албыг цомхотгохоор шийдсэн бол сонгууль хүлээж, ирэх оны наймдугаар сар болтол хойшлуулах хэрэг юу байгааг олон хүн сонирхдог. Сонгуулийн дараа хэн гарч, төсвөө хэрхэн тодотгох нь тодорхойгүй учир энэ асуудал олны амны бай болж байгаа юм.
Энэ бүхэнд УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл “2016 оны төсөв иргэд, ард түмэндээ гялайж гялтайх зүйл байхгүй байна. Уг нь төсөвт тэнцвэртэй хуваарилалтыг хийх ёстой. Нийгмийн талын асуудлууд дутагдалтай байна. Ирэх он сонгуулийн жил. Тэгэхээр яамдын бүтцийн өөрчлөлтийг ирэх оны нэгдүгээр сарын 01-нээс Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд шийдэж болно. Тэгэхгүй бол ирэх оны наймдугаар сарын 01 гэдэг бол дараагийн шинэ сонгуулийн үр дүнд гарсан Засгийн газрын Ерөнхий сайдын Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийг өнөөдөр бид шийдэх гээд яах юм бэ. Энэ Засгийн газар өөрийнхөө бүрэн эрхийн хугацаанд зоригтойгоор шийдэх ёстой. Ингэвэл дахиад хоёр тэрбум гаруй төгрөг нэмэгдэх нь байна шүү” гэв.
Мөн ирэх онд зээлийн төлбөр, зээлийн үйлчилгээний төлбөр дарамт учруулах түвшинд хүрэхийг зарим гишүүн анхааруулж байсан. Өөрөөр хэлбэл Монгол Улс төсвийн орлогынхоо 63 хувийг зээлийн хүүд зарцуулахаар төсвийн хүрээний мэдэгдэлд тусгасан байгааг Ч.Хүрэлбаатар гишүүн хэллээ. Тиймээс төсвийн алдагдлыг 0 хувьтай батлах ёстой гэсэн юм. Тэгэхээр төр данхар бүтцээсээ салж, заавал ирэх он гэхгүйгээр энэ оны 12 дугаар сарын 01-нээс ч есөн яамтайгаар ажиллаж болно гэсэн саналыг гаргалаа. Энэ бүхэнд Сангийн сайд Б.Болор санал нэгдэж байгаагаа хэлээд төсвийг эрүүлжүүлэхийн тулд ийм төсөл боловсруулснаа хэлсэн юм. Төсөв эрүүлжсэнээр цаашдаа эдийн засгийн алдагдал арилна. Энэ жил Засгийн газар төсвийн хөөсрөлийг бууруулж, аль болох алдагдалгүй төсөв батлахын тул хичээж ажилласан гэдгийг онцоллоо.
Түүнчлэн ирэх онд хоёр төрлийн орлого олох боломж байгаа гэнэ. Үүний нэг нь өмч хувьчлалаар 171 тэрбум төгрөг олохоор төсөвт тусгажээ. Томоохон хувьчлалаас дурдвал Төрийн банк, Хөрөнгийн биржийг хувьчлахаар болж, бусад объектийг дуудлага худалдаагаар худалдахаар болжээ. Харин нөгөө төрлийн орлого тусламжийнх бөгөөд 160 гаруй тэрбум төгрөгийг төсөвт тусгасан байна.
Эдгээр объектыг хувьчилснаар хэчнээн төгрөгийн орлого олох талаар Д.Ганхуяг гишүүн асуулаа. Үүнд Сангийн сайд Б.Болорын хариулснаар Төрийн банкийг хувьчилж 75 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр тооцсон гэдгийг хэллээ. Гэвч зарим гишүүн хариуцлагаас зугтахын тулд хувьчлалыг явуулах гэж байгаа тухай шүүмжлэлийг хэлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Оюунхорол “Төрийн банк ямар хариуцлагагүй ажилласныг бүгд мэднэ. Тэр хариуцлагаас зугтаалгахын тулд хувьчлах замаар анхаарлаас холдуулах гэж байгаа бол буруу. Хоёрт, төсвийг хэр тэнцвэртэй хуваарилж байна вэ гээд үзвэл орлого иргэдэд очихгүй байна” гэсэн юм.
Харин саяхан батлагдсан Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн хүрээнд 100 гаруй тэрбум төгрөг татварт төвлөрүүлэхээр тооцсон байна.