Сураггүй болсон иргэдийг эсэн мэнд олжээ
Улаанбаатар хотоос Төв аймгийн Мөнгөнморьт сум, Хэнтий аймгийн Бат ширээт сумын Ононгийн халуун рашаан чиглэлд хоёр автомашинтайгаар явж байсан 5 иргэн энэ сарын 10-ны өдөр гараад сураггүй болсон гэсэн дуудлагыг аймгийн Онцгой байдлын газарт энэ сарын 18-ны өдөр ирүүлсэн байна.
Мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын албан хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллажээ. Нэмэлтээр ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн аврах бүлгийг гаргаад байсан юм.
Харин дээрх иргэдийн ар гэрийнхэн өчигдөр нисдэг тэрэг хөлслөн Хэнтий аймгийн Бат ширээт сумаас наана 75 км орчмоос 5 иргэнийг эсэн мэнд олж, 17:00 цагийн орчим нийслэлд буусан байна. Нэг автомашиных нь шатахуун дууссан, газар орны хувьд ой, хөвч, шавар намаг, бартаа саад ихтэй байсан учраас хүндрэл үүсч, харилцаа холбоо тасарчээ.
Иргэд Онцгой байдлын ерөнхий газарт хандан, эрлийн ажиллагаа зохион байгуулсан Төв аймгийн Онцгой байдлын газар, Аврах тусгай тусгай ангийн албан хаагчдад талархлаа илэрхийлэхийг хүссэн байна.