15.6 тэрбум төгрөгөөр ХЗХ-ны хохирогчдын хохирлыг барагдуулах хэрэгтэй гэв

2015 оны төсвийн тодотгол, 2016 оны төсвийн мэдэгдлийг хэлэлцэж байгаатай холбоотойгоор мөнгө дагасан олон асуудал сөхөгдөх бололтой.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг болсон.

Энэ үеэр УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ Хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын асуудлыг хөндсөн байна.  Тэрээр энэ ажилд нэлээд анхаарч байгаа ч ажил дорвитой урагшилж өгөхгүй хэл ам таталж байгааг дуулгаад “хохирогчдын хохирлыг төсөвт төвлөрсөн 15.6 тэрбум төгрөгөөр барагдуулах хэрэгтэй. Тиймээс дээрх мөнгийг тодотголд суулгах хэрэгтэй” гэжээ.

15.6 тэрбум төгрөг гэдэг нь хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдын хохирлыг 80-90 хувиар барагдуулах хэмжээний мөнгө аж. Эдгээр хохирогч дотор 1-2 сая төгрөгийн хохиролтой олон хохирогч Хууль зүйн яам болон олон байгууллагаар явж, асуудлыг тавьж байгаа бөгөөд  хохирогчдын ард тэдний гэр бүл, олон мянган хохирогч байгаа учраас олон жил шийдэгдэхгүй ужигарсан энэ асуудлыг яаралтай шийдмээр байгааг сануулжээ.

З.Баянсэлэнгэ сайд хохирогчдын хохирлыг  барагдуулах ажлын хэсгийг ахалж байгаагийн хувьд эл асуудлаар мөн л үгээ дайгаад амжлаа.

Г.Уянга

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button