Ипотекийн зээлийн журам амьдралд нийцэхгүй байна
“Халуун ус Хананаасаа аваад Цахилгаан зууханд Цайгаа чанаад” амар жимэр амьдран суух хувь тохиол монголчууд бидний нэгээхэн хэсэгт нь л лав тохиохгүй нь бололтой. Улстөрч, эрх мэдэлтнүүд нь орон сууцны зээлийн хүүг буурууллаа, урьдчилгаа төлбөрийг багасгалаа, гэр хорооллыг барилгажуулна гээд л баахан сайхан амласаар багагүй хугацаа өнгөрүүллээ.
Харамсалтай нь ипотекийн зээл авахаар хөөцөлдөж, ажлаа барж буй хүмүүс эцэстээ хамаг мөрөөдлөө үгүй хийж, байгаа орчиндоо хэсэгтээ л амьдрах юм байна гэдэгтэйгээ хүссэн, хүсээгүй эвлэрч байна. Эсвэл боломжийн амьдралтай хүмүүс нь ипотекийн найман хувийн зээлээс өөрөөр орон сууцны зээлийг сонирхон “өндөр” хүү төлж тухтай амьдрал, насны өртэйгөө зууралдаж сууна.
Энэ нь ердөө Ипотекийн зээлийн ерөнхий журам болоод ТОСК-иас иргэдэд тавьж буй шаардлагатай холбоотой. Эдгээр журмаас болоод арилжааны банкууд ч эрсдэлээс зайлсхийн элдвийн шалгуур үзүүлэлтийг зээл хүсэгчдэд нэмэн үүрүүлж байна.
Мэдээж хамгийн түрүүнд орон сууцныхаа урьдчилгаа төлбөрийг бэлэн болгох хэрэгтэй. Үүнийг ах, дүү, амраг, садан, ажлын хамт олон гээд хавийн хүнээс гуйна. Зарим нь бэлэглэлийн гэрээ нэрээр бусдаас зээлнэ. Хашаа, байшин, унаа машинаа зарна. Ёстой л олны хүч оломгүй далай гэгч болж байж урьдчилгаагаа бүрдүүлнэ. Хөөрхий өнгөрсөн 7-10 сарын хооронд улстөрчдийн шоунаас болоод урьчилгаа төлбөр нь буурсан эсэхэд мөн ч их манарч, баярлаж, гуньсан. Гэхдээ эцсийн бүлэгтээ 30 хувиа л төлөх нь гэдгээ ухаарсан. Арайхийн олсон мөнгөө хэрхэн олсноо нотариатаар баталгаажуулна гэж байгаа. Үнэндээ их л баян, хэдэн арван сая төгрөгийг үр хүүхэддээ шууд л гаргаад өгчихдөг эцэг, эх, ах дүүтэй мэт бэлэглэлийн гэрээ голдуу хийж, нотариатын бичигтэй болдог хэрэг.
Харин дараа нь орон сууцтай болохоор иргэд мөрөөдөж эхэлсэн цагаасаа буюу багадаа 6-12 cap нэг байгууллагад ажилласан эсвэл тухайн бизнесээ төдий хугацаагаар эрхэлсэн байх ёстой. Үүнийг ч иргэд мэддэг болчихсон, энэ төрлийн шалгуурыг тоох ч үгүй, нийгмийн даатгалын болон бизнесийн хар дэвтрээ элгэндээ наан, энгэртээ тэвэрч нандигнасаар банкуудыг зорьж байгаа. Энэ нь иргэдийн хувьд гарт нь баригдаж, нүдэнд нь үзэгдэж буй ганц баталгаа, баримт нь болж буй болохоор арга ч үгүй. Харин ажилласан хугацаа нь нэг жилдээ хүрэхгүй бол тэр сараа хүлээгээд галаа түлэн гэртээ суух, хөлсний байрныхаа мөнгийг төлөх гэсэн сонголттой л үлдэж байгаа юм.
Ингээд дараагийн шалгуур буюу “хамтран зээлдэгч” гэх нөхрөөс болж гэр бүлүүдийн дунд багагүй маргаан дэгдэх болжээ. Учир нь орон сууцны зээл авах гэж байгаа хүн бол өөрөө их л “цэвэрхэн” өр ширгүй, өвчин зовлонгүй байх ёстой. Үүний тулд цалингийн болон бусад лизингийн зээлээ богино хугацаанд хурдхан хаах хэрэгтэй болж байгаа юм. Гэтэл хамтран зээлдэгч нь бас өргүй байх юм гэнэ дээ. Ядахад өнөөгийн нийгэмд төсөв нь тасарчихаад, улсынх нь данс хүртэл цайчихаад байхад хаана байна тэр өргүй хамтран зээлдэгч нь.
За, ингээд л асуудал ундарч эхэлнэ дээ. Гэр бүл бол эхнэр, нөхөр хэн нэгнийгээ хамтран зээлдэгч болгохыг хичээнэ. Үүний тулд мэдээж эхлээд гэрлэлтийн баталгаа, цалингийн тодорхойлолт гээд л явж өгнө. Гай нь таараад хэн нэг нь ажилгүй бол өөр хамаатан саднаа хамтран зээлдэгч болгоно. Үүний тулд эхлээд гэр бүлдээ асуудал үүсгэнэ. Мэдээж зээлээр орон сууц авах гэж буй иргэдийн эцэг, эхчүүд нь ихэнхдээ өндөр насны тэтгэвэрт гарчихсан хүмүүс байдаг. Тиймээс хүү, охиндоо өвлүүлэх хөрөнгөгүй ч байр сууцны өр тавихад нь туслаад гарын үсэг зуралцаж туслахыг хичээнэ. Харамсалтай нь нас нь өндөр, зээлийн өр дуусахаас өмнө хадан гэртээ очих магадлал их тул яагаад ч зөвшөөрөхгүй.
Тэгэхээр “Би орон гэртэй болох гээд байхад тус нэмэр болсонгүй” гээд л бөөн жүжиг тавьсны эцэст ах дүү нарынх нь хэн нэгэн өөрийгөө, ирээдүйд авах банкны зээлээ золиослож, хамтран зээлдэгч болохыг зөвшөөрнө. Яагаад гэвэл овог нэгтэй байхгүй бол мөн л зээл бүтэх магадлал буурна. Харин айлын ганц бол хамаг асуудал ингээд дууслаа л гэсэн үг. Цалингийн болоод бусад орлого чинь өндөр байхгүй бол ипотекийн зээл авах тухай мөрөөдөөд ч хэрэггүй. Хамтран зээлдэгчгүй юм чинь урт хугацааны өр тавих их аян тань дуусгавар болж байгаа хэрэг.
Хамтран зээлдэгчээ олчихвол банкаа зорьж бусад бичиг баримтынхаа бүрдүүлэлтийг хийнэ. Үүний тулд ажлаасаа хэдэн өдөр чөлөө авах, хоцрох, таслах зэрэг сонголтууд өөрийн эрхгүй л таныг тойрон эргэлдэнэ. Энэ завсар амьдран суугаа хороо, ажлын газрын, цалингийн гээд баахан тодорхойлолтууд нэхэгдэнэ.
Энэ бол улстөрчид, банкныханы цаасан дээр буулгасан журмыг хэрэгжүүлэх гэхдээ бодит амьдралд бий болгоод буй “худалчуудын уралдаан’’-ы эхлэл юм. Иргэдийн эдгээр үйлдлийг шийдвэр гаргагчид, зээл олгогчид их өрөвдсөн царай гаргана аа. Энэ хэмжээний зээл авч чадахгүй бичиг баримтнаасаа болоод
бүдэрчихээр өрөвдөлтэй байхаас ч аргагүй. Гэхдээ л энэ нь яалт ч үгүй үнэн.
Тэр ч байтугай ТОСК-иас зохион байгуулж буй Буянт-Ухаа хороололд зорилтот бүлгийн гэр бүл байртай болно гэвэл бүүр ч худлаа. Тэгж цаг заваа алдахгүй байхыг танд зөвлөе. Нэгэнт өндөр насны тэтгэвэрт байгаа хүнд тэтгэврийн зээлийг нь ч олгохдоо хамтран зээлдэгч шаардаж байгаа банкныхан хөгжлийн бэрхшээлтэй болон ахмад настнуудад хэзээ өвчин нь сэдэрч, насных нь тоо гүйцэнэ гэж зээл олгох вэ дээ.
Залуу гэр бүл гэж албан ёсны гэрлэлтийн баталгаатай, 35 хүртэлх насны эхнэр, нөхөр хоёрт бас ч гэж боломж нь олдвол байрны зээл олгоно гээд байгаа. Энэ нь ч бас л лөөлөө болох биз. Учир нь баталгаатай гэр бүл цуцлалт 2002 онд 377 байсан бол 2012 онд 1821 болж өссөн байдаг. Үндсэндээ орон сууцны зээл авахын тулд гэрлэлтийн баталгаа үзүүлэх өрх жил бүр ховордож байна гэсэн үг. Ийм байтал Ипотекийн зээлийн журамдаа зорилтот гэр бүл гэж ирээд заагаад өгчихсөн байгаа юм. Харин ч үүнийг дагаад шинэ гэр бүлд 500 мянган төгрөг олгох сургаар нэмэгдсэн тохиролцооны “эхнэр, нөхрүүд” шиг орон сууцны зээлд хамрагдахын тулд хэн нэгэнтэй үгсэн хуйвалдаж батлуул гэж байгаатай адил утгатай болоод байна.
Энэ мэтчилэн орон сууц ЗЭЭЛЭЭР авах гэсэн иргэдийн хүслийг мохоох хэнд ч хэрэггүй шахам баахан цаас цуглуулдаг байдлаа зогсоогооч, болиоч гэж чангахан хашхирмаар, эсэргүүцэж жагсмаар л санагдах юм. Үнэн хэрэгтээ иргэдийн цуглуулаад очсон “цааснууд” үнэн, худал байх нь хэнд ч хамаагүй. Ердөө л зээлийн журамд зориулан авч буй бичигнүүд гэдгийг захын банкны эдийн засагч хэлээд өгнө.
“Гүйх нохойд гүйхгүй нохой саад" гэгчээр гольдирлоороо явж байсан орон сууцны зээлийн хүүг буурууллаа гэж шоудаад эцэст нь хэнбугай нь ч орон сууцтай болж чадахааргүй, хэдэн байрнууд нь зарагдах боломжгүй болж утаатай гэр хороолол, дампуурсан барилгын компануд үлдэх болоод байна.
Та нарын тэр ипотекийн зээлийн журам гэх мэт элдэв шоунаас чинь болж “X ТҮЦ" продакшны жүжигчдийн “Хэн батлах юм бэ” гээд баахан бичиг нэхдэг хошин шоу шиг л юм болж байна, цаад банкууд, ТОСК дээр чинь. Тэр батлах боломжит хувилбаруудыг нь энгийн хэлбэрт оруулаад өгөөч төр, засгийнхаан, гуйж байна.
Өглөөний сонин
Ж.Нарангэрэл