Яамдыг нэгтгэж, агентлагуудыг татан буулгаснаар 1.6 тэрбум төгрөг хэмнэнэ

УИХ-ын гишүүд бүтээн байгуулалтыг царцааж, нийтээрээ бүсээ чангалах шаардлагатайг хэлж, төсвийн тодотголыг хэлэлцэж эхэллээ. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд эрх баригчид хэт их тансагласны гайг нийтээрээ үүрч байгаа нь энэ. Тодруулбал, энэ оны эхний найман сарын гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого гурван их наяд 576.8 тэрбум төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 221.2 тэрбум төгрөгөөр, төлөвлөсөн хэмжээнээс 660.7 тэрбум төгрөгөөр буурав. Төсвийн орлогын энэ оны эхний сарын гүйцэтгэлд үндэслэн Монгол Улсын 2015 оны хүлээгдэж буй гүйцэтгэлийг тооцоход нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэл төлөвлөснөөс 900 гаруй тэрбум төгрөгөөр буурахаар байгаа юм. Иймээс улс даяар хэмнэлтийн горимд шилжих шаардлага үүссэн тухай Ерөнхий сайд танилцуулсан. 

Яам агентлагуудыг сонгуулийн дараа нэгтгэнэ

Төрийн эрхэнд гармагцаа төрийн албан хаагчдын тоог хэд дахин нэмэгдүүлж, төрийн данхар бүтцийг бий болгосон. Тэгвэл өдгөө хумьж, хуучин хэвэнд оруулахаар төсвийн тодотгол тусгасан бөгөөд олон хүнийг гудамжинд гаргахаар төлөвлөжээ. Тухайлбал, Эрүүл мэнд, спортын яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамыг нэгтгэж Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам, Хөдөө аж ахуйн яам, Аж үйлдвэрийн яамыг нэгтгэж Хөдөө аж ахуйн яам, Барилга хот байгуулалтын яам, Эрчим хүчний яам, Зам тээврийн яамыг нэгтгэж Дэд бүтцийн яам болгох гэнэ. Гэхдээ үүнийг ирэх оны сонгуулийн дараа хийхээр төлөвлөжээ. 

Ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс Төрийн өмчийн хороо, Худалдан авах ажиллагааны газар, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Төрийн захиргааны төв байгууллагуудын дэргэд байгуулагдсан үндэсний зөвлөл, хороодын ажлын албад, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв улсын төсөвт үйлдвэрийн газар, Байгаль хамгаалах сан, Цэвэр агаар санг татан буулгах гэнэ. Мөн ирэх оны сонгуулийн дараа Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газрыг үгүй хийхээр тусгажээ. 

Бүтцийн өөрчлөлтөөр 1.6 тэрбум төгрөг хэмнэнэ 

Ингэж нэгтгэсэн бүтцийн өөрчлөлтийн дүнд 1.6 тэрбум төгрөг хэмнэнэ гэж тооцжээ. Гишүүн Су.Батболд Худалдан авах ажиллагааны газрыг татан буулгаж тендерийг яам, нийслэл, аймаг бүрд хариуцуулах болж байгаатай санал нийлэхгүй гэдгээ мэдэгдэж энэ асуудлаар МАН-ын бүлэг тэмцэх болно гэдгийг хэлсэн. Сайд тендер хариуцах нь зохисгүй гэж УИХ хууль баталж Худалдан авах ажиллагааны газрыг байгуулсан. Гэтэл одоо эргээгээд татан буулгахаар оруулж ирлээ. Буцаад сайд тендер хариуцах нь. Энэ чинь 2016 оны сонгуулийн мөнгөө босгох гэсэн башир арга.

Хэрвээ энэ газрыг татан буулгавал Сангийн сайд таныг огцруулах асуудлыг тавина гэдгийг ч тэрбээр хэлсэн. Гэвч үүнээс өөр арга байхгүй байгааг Ерөнхий сайд болоод Сангийн сайд нар учирлаж байлаа. Түүнчлэн яамдын бүтцийг сонгуулийн дараа биш ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс хийх саналыг сөрөг хүчнийхэн тавьсан. Харин Ерөнхий сайд “Яамдын бүтцийн тухайд, 2016 оны төсвийн төслөө танилцуулаагүй, 2015 оны төсвийн тодотгол ярьсан учраас болохгүй байна” хэмээсэн. Гэвч Ч.Сайханбилэгийн хариултыг гишүүдийн олонх эсэргүүцсэн юм. Хэрэв эдийн засгийн хямралыг хохирол багатай туулья гэвэл сонгууль хүлээлгүй хийх шаардлагатайг Ц.Даваасүрэн тэргүүтэй гишүүд онцолсон. 

Цомхотголд орсон албан хаагчдад хувийн хэвшилд ажиллах боломжийг өгнө

Бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор 3000 хүн ажлаас чөлөөлөгдөж байгаа. АН эдгээр хүмүүсийг давтан сургалтад хамруулах, хувийн хэвшилд ажиллах боломжийг нь нээж өгөх хэрэгтэй гэдэгт санал нэгдсэн гэв. Бүтцийн өөрчлөлтийг ирэх оны  наймдугаар сарын 1-ээс хийж эхэлнэ.  Гэхдээ энэ асуудал 2015 оны төсвийн тодотголтой давхар өргөн мэдүүлсэн гэв. Энэ асуудлаар АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатараас зарим зүйлийг тодрууллаа. 

– 3000 хүнийг ажлаас чөлөөлж давтан сургалтад хамруулах нь эргээд төсөвт дарамт авчрахгүй юу.  Энэ нь хэмнэлт болж чадах  уу?

-Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад төрийн захиргааны байгууллагын бүтцийг томрууллаа. Энэ нь төсөвт хүндрэл үүсгэнэ гэдэг асуудлыг МАН-ын зүгээс ярьж байсан. Гэтэл өнөөдөр АН алдаагаа засаж, залруулаад 3000 хүнийг цомхотгох тухай яриад эхлэхээр эсэргүүцэж байна. Тиймээс сургалтад хамруулж, хувийн хэвшилд ажиллах боломжийг нээж өгч байгаа.  

-Хувийн хэвшил 3000 хүнийг шингээх боломж байна уу?

-Зах зээлийн жам ёсоор хувийн хэвшилд ажиллах боломжийг нээж өгч байгаа. Цомхотголд орсон албан хаагчид өөрсдөө хувийн хэвшил байгуулаад явах боломжтой гэж харж байна.

– Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийг яагаад наймдугаар сарын 1-ээс хийх шийдвэр гарсан бэ. Энэ нь сонгуулийн дараах Засгийн газрын эрхэнд халдсан асуудал  болох юм биш үү?

-Дараагийн Засгийн газрын эрх мэдэлд халдаж байна гэсэн шүүмжлэлийг хүлээж авах боломжтой. Нөгөө талаараа 2016 оны төсвийн төсөл дээр тодотголын асуудал яригдаагүй байна. ЗГХЭГ-ын даргын  өгч байгаа мэдээллээр 2015 оны төсвийн тодотголыг дагалдаж бүтцийн өөрчлөлт орж ирж байна. Тэгэхээр энэ асуудлыг шийдээд явбал өөр бүтцээр ажиллах боломжийг бүрдүүлж байна гэж тайлбарлаж байна. Нэгдүгээр сарын 1-ээс өөрчилж болох эсэх асуудлыг МАН-ын гишүүд ярьж байна. Энэ бол цэвэр улс төрийн тоглолт явагдаж байна.  Ерөнхий сайдын өгч байгаа мэдээллээр энэ хуулийг баталж гаргасны дараа хэрэгжих хугацаа болтол зохион байгуулалтын асуудалд цаг хугацаа орно. Тиймээс наймдугаар сараас хэрэгжиж эхэлбэл илүү боломжтой юм. 

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button