Өнөөдөр – Цоохор ирвэсийг хамгаалах дэлхийн өдөр
Цоохор ирвэс нь дэлхийд нэн ховордсон, Монгол, ОХУ-ын улаан номонд бүртгэгдсэн нэн ховор зүйл. Өдөр ирэх тусам ховордож буй энэ амьтныг хамгаалахаар Төв Азийн цоохор ирвэстэй 12 улс орон санал нэгдэж Бишкект болсон олон улсын форумын хуралдаанаар аравдугаар сарын 23-ныг “Цоохор ирвэс хамгаалах олон улсын өдөр” болгон тунхагласан юм. Цоохор ирвэс бол өндөр уулын экосистемийн тогтвортой байдлыг хадгалагч гол амьтан. Ирвэс байна гэдэг нь тэр нутаг байгалийн унаган төрхөө хадгалж байгааг нотолж буй юм. Өөрөөр хэлбэл, цоохор ирвэс байхгүй болчихвол тухайн нутгийн байгалийн зохилдлогоо алдагдана. Монголд ойролцоогоор 1000 орчим ирвэс бий гэж судлаачид үздэг.
Цоохор ирвэсийн гол дайсан бол хүн. Чухамдаа хүний буруутай үйлдлээс болж ирвэсийн амьдрах орчин хумигдаж, идэш тэжээл нь болдог амьтад цөөрснөөс болж энэ амьтанд дарамт нэмэгдсээр байна. Тиймээс хамгаалалтын захиргаадтай хамтран “Монгол Улс, ОХУ-ын хил дагуух Сийлхэм, Чихачёвын нуруу, Цагаан шувуутын Дархан цаазат газар дах цоохор ирвэсийн популяцийн мониторинг” сэдвийн хүрээнд судалгааны ажил явуулж, хамгаалах арга замыг тодорхойлж хэрэгжүүлэх ажлын хүрээнд цоохор ирвэс барьж сансрын дохиололтой хүзүүвч зүүн гүйдэл шилжилт, идэш тэжээлийг судлах зэрэг ажлуудыг хийж байгаа ажээ.
olloo.m