Олон улсын автомашины тээврийн зурвасыг манай улсаар дайруулах санал тавьжээ
Хятадын Эрээн хот болон ОХУ-ын Хиагт хотын хооронд Монгол Улсын нутгаар дайруулан олон улсын автомашины тээврийн зурвас байгуулах саналыг Буриадын эрх баригчид ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яаманд тавьжээ. Энэ тухай ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Буриад улсын бүрэн эрхт төлөөлөгч мэдээлсэн байна.
Дээрх саналыг ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайд Александр Цыбульскийг Эрхүү муж, Өвөр Байгалийн хязгаар болон Буриадын төлөөлөгчидтэй уулзах үеэр тавьсан байна. Уг уулзалтыг хил орчмын хамтын ажиллагааны нөхцөл болон Хятад, Солонгосын хөрөнгө оруулагчдыг Байгал нуурын бүс нутагт татах асуудалд зориулжээ.
Москва хот дахь тус бүс нутгийн байнгын төлөөлөгчийн газрын тэргүүний орлогч Игорь Орловын хэлснээр, энэ төслийг хэрэгжүүлснээр Буриад улсад тээвэр-ложистикийн цогцолбор байгуулагдах үндэс суурь болно.
“Ийм зурвас бий болсноор Орос, Хятад хоорондын ачаа тээврийн тарифыг тогтворжуулах, цаг хугацаа хэмнэх, Хятад, Япон, Солонгос болон Ази, Номхон далайн бүс нутгийн бусад оронтой зөвхөн Сибирийн холбооны тойргийн төдийгүй Оросын төвийн бүс нутгийн субъекттэй тээврийн харилцаагаа оновчтой болгох боломж олгоно” гэж Орлов онцлон дурджээ.
olloo.mn